sonin.mn
СӨҮЛ. /Reuters/. Умард болон Өмнөд Солонгосын нөлөө бүхий албан хүмүүс хоорондын хэлэлцээ гурав дахь хоногтоо үргэлжилж байна. Төлөөлөгчид хоёр улсын хооронд үүссэн хурцадмал байдлыг намжаахаар тохиролцоонд хүрэхийг оролдож байна.
 
Уулзалт хоёр Солонгосыг тусгаарладаг, түр эвлэрийн гэрээ байгуулсан Панмүнжом тосгонд өнгөрсөн бямба гарагийн орой эхэлсэн юм. Талууд 10 орчим цаг хэлэлцээ хийсний эцэст ням гарагийн өглөө түр завсарласан. Ингээд өчигдөр өдрийн 3:30 цагаас өглөө үүр цайтал хэлэлцээ хийжээ.
 
Өмнөд Солонгосыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ким Куан Жин тэргүүтэй албаны хүмүүс төлөөлж байгаа бол Умард Солонгосыг Солонгосын ардын армийн улс төрийн ерөнхий товчооны тэргүүн Хуан Пён Со тэргүүтэй албаны хүмүүс төлөөлж байна.
 
Тэд чухам ямар асуудлыг хэлэлцсэн нь хараахан дэлгэрэнгүй, тодорхой болоогүй байна. Сөүлийн албаны хүмүүс хэвлэлийн бага хурал хийн хэлэлцээний дүнг танилцуулах бололтой.
 
Төлөөлөгчид өргөн цар хүрээг хамарсан асуудлууд, тэдгээрийн дотор энэ сарын 4-нд цэрэггүй бүсийн Өмнөд Солонгосын талд хамаарах хэсэгт хоёр цэргийг хөлгүй болгоход хүргэсэн минийн дэлбэрэлтийг онцгойлон хэлэлцсэн байж магадгүй.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг