sonin.mn
Төрийн орон сууцны корпорацийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуягтай ярилцлаа.
 
-Иргэдийн дунд багагүй хүлээпт үүсгээд буй “Буянт-Ухаа-2” хорооллын барилгын ажил ямар шатандаа явна вэ?
 
-Хороолол 48 блок байрнаас бүрдэж байгаа. Нэг орцондоо 54 айлтай. Эхний ээлжинд 30 блок байрыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Уг нь, төлөвлөгөе ёсоор бол 22 блок байрыг ашиглалтад оруулах байсан. Гэсэн ч бид нөөц боломжоо ашиглан 22 биш 30 блок байрыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Үндсэндээ барилга угсралтын ажил бүрэн дууссан. Одоо зөвхөн дотор талын засал, чимэглэлийн ажлыг хийнэ. Харин гадна инженерийн шугам сүлжээ буюу дэд бүтцийн ажил хараахан эхлээгүй байна.
 
-Дэд бүтцийн ажил төсөв, санхүү дээрээ гацчихаад байгаа гэж сонссон. Хэзээ эхлэх вэ?
 
-Уг нь, хуулиараа бол шинээр барьж ашиглалтад оруулах хороолол, хотхоны гадна инженерийн шугам, сүлжээний ажлыг улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийх ёстой байдаг. Нөгөөтэйгүүр дэд бүтцийн ажлыг хийж, гүйцэтгэх мөнгийг энэ оны улсын төсөвт тусгаагүй. Дээр нь улс, эх орны эдийн засаг хүндхэн байна. 
 
Гэвч бид эдийн засаг хүнд, төсөв байхгүй гээд зүгээр суугаагүй. Арилжааны банкиудаас зээл авахаас гадна инженерийн шугам, сүлжээний ажлаа хийхээр бүтцийн ажлыг хийж гүйцэтгэх аж ахуйн нэгжээ тодруулахаар тендер зарлачихаад байна. Удахгүй “Буянт-Ухаа-2” хорооллын дэд бүтцийн ажил эхлэх байх.
 
-Ойролцоогоор хэдий хэмжээний хөрөнгө, мөнгө шаардлагатай байгаа юм бэ?
 
-Бидний тооцоолсноор зөвхөн дэд бүтцийн ажлыг хийж, гүйтцэтгэхэд 8.2 тэрбум төгрөг шаардлагатай. 
 
-Гэхдээ “Буянт-Ухаа-2” хороолол сүндэрлэж байгаа газарт анх шинэ төрөх эмнэлэг болон архивын барилга, оюутны хотхон барихаар төлөвлөж байсан. Үүнд зориулж 219 диаметрийн багтаамжтай нэвтрэх шугамыг тавьсан санагдана?
 
-Тийм ээ, гэхдээ энэ нь “Буянт-Ухаа-2” хорооллын хаана нь ч хүрэхгүй. Зөвхөн 30 байрын цэвэр халуун болон хүйтэн усыг дамжуулах хүчин чадалтай юм билээ. Тиймээс түүнийг хүчин чадлыг 14 карказ болгох шаардлагатай. Ингэснээр эхний ээлжид ашиглалтад орох 30 блок байрны асуудлыг бүрэн шийднэ. Гэхдээ дараагийн ээлжинд ашиглалтад орох 18, цаашид барих 60 блок байр бий. 
 
Дээр нь үйлчилгээний төв 12, хүүхдийн цэцэрлэг гурав, дунд сургууль хоёрыг барих ёстой. Энэ бүхэнд баталсан зураг төслийн дагуу 1.2 км алсаас цахилгааны кабель татах ажлыг хийж байна, Түүнчлэн цахилгаан хуваарилах байгууламж барих том ажил үлдсэн. Энэ бүхэнд нийт 8.2 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм.
 
-Эхний 30 байр хэзээ ашиглалтад орох вэ. Төлөвлөгөө ёсоор бол ирэх аравдугаар сард улсын комисст хүлээлгэж өгөх ёстой. Хугацаандаа амжиж ашиглалтад орох уу? 
 
-Төлөвлөгөөний дагуу бол ирэх аравдугаар сарын 30-нд улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах ёстой. Дэд бүтцийн ажил эхлээгүй, аж ахуйн нэгжүүдийн дунд сонгон шалгаруулалт зарлачихсан байгаа. Сонгон шалгаруулалтаас шалтгаалан хугацаа алдаж ашиглалтад орохыг үгүйсгэхгүй.
 
-Өөрөөр хэлбэл, хугацаандаа амжиж ашиглалтад орохгүй гэсэн үг үү?
 
-Яг ч тэгж ойлгож болохгүй. Бид тендерийг нээлттэй зарлачихсан байгаа. Гэхдээ манайхны дунд нийтлэг нэг бэрхшээл бий. Үүнээс болж “Буянт-Ухаа-2” хорооллын эхний ээлжийн 30 байрын ашиглалтад орох хугацаа тодорхой хэмжээнд хойшилж магадгүй л гэж байгаа юм.
 
-Нийтлэг бэрхшээл гэж юуг хэлээд байна вэ?
 
-Аливаа тендерийг явуулахад тодорхой хэмжээний шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл, шаардлага хангасан гүйцэтгэгчээр бид дэд бүтцийнхээ ажлыг хийлгэнэ. Нөгөөтэйгүүр тавьсан шаардлагынхаа хүрээнд л тендерээ үнэлдэг. Гэтэл манай аж ахуйн нэгжүүд тухайн тендерт оролцохдоо санамсаргүй байдлаар зөрчил гаргадаг. Улмаар тендертээ унадаг. 
 
Харамсалтай нь тэд түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Эргээд хуулийн байгууллагад гомдол гаргадаг гэхэд болно. Энэ бүхнээс болж тендерийг дахин зарлах зэрэг хугацаа их алддаг. “Буянт-Ухаа-2” хорооллын дэд бүтцийн асуудал дээр ч гэсэн ийм бэрхшээл гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс аливаа аж ахуйн нэгж тендерт оролцохдоо хариуцлагатай байж, бидний гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандахыг хүсч байна.
 
-“Буянт-Ухаа-2” хорооллын байрны ам.метрийн үнийг нэг сая 350 мянган төгрөгөөр тогтсон. Цаашид эл мөнгөн дүнд өөрчлөлт орох уу?
 
-Үгүй.
 
-Гэхдээ дээрх мөнгөн дүнгээс арай багаар үнэлэх боломж байгаагүй юм уу. Учир нь, өмнөх жилүүдийг бодоход орон сууцны үнэ харьцангуй бууж байна шүү дээ?
 
-Бид өмнөх “Буянт-Ухаа-1” хорооллын байрны ам.метрийн үнийг нэг сая 280 мянган төгрөгөөр үнэлсэн. Төрийн захиалгаар барьж буй орон сууцыг иргэдэд нийлүүлэхдээ ямар нэгэн байдлаар далд эдийн засгийн үнийг шингээхгүй, ашиг хөөхгүй байхыг чухалчилж байгаа. Гэвч сүүлийн хоёр жил валютын үнийн өсөлт барилгын салбарт тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. 
 
Түүнчлэн “Буянт-Ухаа-2" хорооллын санхүүгийн эх үүсвэр нь “Чингис”бондын зээлийн хөрөнгө гэдгийг хүмүүс мэдэж байгаа байх. Зээлийн хөрөнгийн хүү тодорхой хэмжээгээр барилгын үнэ, өртөгт нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, үүнийг бид ам.метрийнхээ үнэд оруулж өгөхөөс өөр замгүй. Нөгөөтэйгүүр гадна инженерийн шугам, сүлжээний ажлын зарим хэсгийн өртгийг шингээх шаардлага гарсан. 
 
Энэ бүхнээс шалтгаалж ам.метрийнхээ үнийг нэг сая 350 мянган төгрөгөөр тогтсон юм. Гэхдээ нийслэл хотод барьж байгаа бусад барилгаас “Буянт-Ухаа-2” хорооллын ам.метрийн үнэ хамаагүй хямд. Бараг 30-40 хувиар бага шүү дээ.
 
-Борлуулалтаа хэзээнээс эхлүүлэх вэ?
 
-Улс, эх орны эдийн засгийн байдлаас шалтгаалж, нөгөөтэйгүүр бүх зүйлийг зээлээр санхүүжүүлэхэд тодорхой хэмжээний хүндрэл, бэрхшээл гарч байна. Тиймээс бид “Буянт-Ухаа-2” хорооллоос байр авахыг хүссэн иргэдээс урьдчилгаа авах замаар санхүүжилтээ босгох шийдвэр гаргасан. Нөгөөтэйгүүр дээрх байдлаар борлуулалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн. 
 
Яг одоогоор бол борлуулалтаа хэзээ эхлүүлэхээ шийдээгүй байна. Гэхдээ тун удахгүй эхлүүлэх болно. Нэг үгээр хэлбэл, иргэдээс урьдчилгаа авах замаар үлдэгдэл санхүүжилтээ шийдчихвэл байр товлосон хугацаандаа ашиглалтад орох боломжтой.
 
-Урьдчилгаа авах замаар үлдэгдэл санхүүжилтээ шийдэхээр болсон гэснээс танайхаас байр авахыг хүссэн иргэд Засгийн газраас баталсан 10 хувийн урьдчилгаа зээлд хамрагдах боломжтой юу? 
 
-Боломжтой. Хэрвээ журам нь гарахын бол шүү дээ. Одоогоор бол тогтоол нь гарчихсан байгаа. Журмаа хэрхэн, яаж хэрэгжүүлэхээ Засгийн газар болон холбогдох яам хоорондоо ярилцах байх.
 
-Засгийн газрын хуралдаанаас “Хөгжлийн банк”-ийг 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргаж өгөхийг үүрэг болгосон. Энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ?
 
-Энэ бол манай асуудал биш. Би дээрх мөнгийг Нийгмийн даатгалын сангаар дамжуулж олгох юм байна гэж ойлгосон. Тэгэхээр “Хөгжлийн банк” болон Монгол банк хоорондоо тодорхой хэмжээний гэрээ, хэлэлцээр хийж, журам гаргах байх.
 
-Тэгвэл ТОСК-ийн зүгээс арилжааны банкуудтай ямар тохиролцоо хийсэн юм бэ?
 
-Арилжааны банкуудтай тохиролцох гэх ойлголт байхгүй. Учир нь, арилжааны банк бол хувийн сектор. Тэр хувийн сектор хэнд хэрхэн, яаж зээл олгох нь өөрсдийнх нь мэдэх асуудал. Холбогдох хууль болон дотоод журмаараа шийдэх байх. Бидний зүгээс байр авахыг хүссэн иргэдийнхээ тодорхойлолтыг өөрсдийн харилцаж буй арилжааны банкинд гаргаж өгөх үүрэгтэй.
 
-Өмнө нь “Буянт-Ухаа-1” хороолол байр авахыг хүссэн иргэдэд тодорхой хэмжээний шалгуур тавьж байсан. Харин энэ удаад ямар үндсэн шалгуурыг давж байж иргэд байртай болох боломж бүрдэх вэ?
 
-Өмнө нь орон сууц эзэмшээгүй, байранд амьдарч байгаагүй иргэдийг хамруулна. Энэ шалгуур хэвээрээ байгаа. Дээр нь ипотекийн зээлд хамрагдахын тулд банкны тавьж байгаа шалгуурыг давсан байх шаардлагатай.
 
Харин өмнөх “Буянт-Ухаа-1 ” хорооллыг бодвол энэ удаад жижиг, дунд бизнес эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхэлж буй хувийн хэвшлийнхнийг түлхүү хамруулахаар болсон. Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа-2” хороололд нийгмийн бүхий л давхаргын иргэд хамрагдах боломжтой юм.
 
Б.Төрбат
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин