sonin.mn
Залуу хуульчдын “Хос дэнс” ТББ-аас  УИХ-ын гишүүн Г. Батхүүг Зам тээвэр яамны сайдаар томилох гэж буйг эсэргүүцэж буйгаа  илэрхийлж, өнөөдөр хэвлэлийнхэнд хандав.
 
АН-ын бүлэг Зам тээврийн сайдад УИХ-ын Л.Эрдэнэчимэгийг дэмжсэн боловч Ернхий сайд дэмжээгүй. Шалтгаан нь УИХ-ын гишүүн Г.Батхүү Зам тээврийн сайд болох хүсэлтэй нь холбоотой бөгөөд тэрбээр Зам тээврийн сайд болох юм бол ашиг сонирхлын зөрчил үүсэх талаар хуульчид мэдээлэл хийлээ.
 
УИХ-ын гишүүн Г.Батхүү Шунхлай группын хувьцаа эзэмшигч гэтэл тэр групп нь МСS компанитай хамтран Ухаа худгийн ордод нүүрсний олборлот явуулдаг "Энержи Ресурс" ХХК-ийн хувльцааг эзэмшдэг.
 
Гэтэл төмөр замын асуудлыг хариуцдаг яамыг Г.Батхүүд өгөх сонирхол нь цаашлаад Таван толгой төслийг хууль зөрчин ашиг сонирхлын үүднээс гэрээлэх эрх ашиг явж буйг Монголын Хуульчдын Хос Дэнс клуб төрийн бус байгууллагын тэргүүн А.Гантамир хэллээ.
 
Тэрбээр, "Хэрэв  УИХ-ын гишүүн Г. Батхүүг Зам тээвэр яамны сайдаар зүтгүүлж батлуулбал, хуульчдын зүгээс Үндсэн хуулийн цэцэд хандаж огцруулах  арга хэмжээ авна” гэдгээ ч мэдэгдэв. Мөн ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллээ өнгөрсөн баасан гаригт  төрийн гурван өндөрлөг болон АТГ-т албан ёсоор хүргүүлснээ хэлэв.
 
Хуулинд ашиг сонирхлын зөрчил бий болсон албан тушаалтан нь энэ тухайгаа зохих газарт  өөрөө мэдэгдэн, тухайн албан тушаалаасаа татгалзана гэж заасан байдаг ажээ.
 
Залуу хуульчдын “Хос дэнс” ТББ  нь 2012 онд байгуулагдсан цагаасаа хойш ашиг сонирхлын зөрчлийн талаарх судалгаа, шалгалт хийж нийт 15 хэрэг маргааныг Үндсэн хуулийн цэцэд хандаж шийдвэрлүүлсэн. Тус ТББ байгуулага нь иргэний нийгмийн хяналт, парламент болон үндсэн хуулийн  эрх зүйгээр мэргэшиж буй 150 гишүүнтэй, улс төрөөс хараат байгууллага ажээ.
 
 
Б.Энхсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг