sonin.mn
Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы ээлжит 20 дугаар хурлын талаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж мэдээлэл хийлээ.
Манай улсад 8 дугаар 26-28-нд, Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы 20 дугаар ээлжит хурал, 29-30-нд Эрүү шүүлтийн эсрэг элчин сайдуудын уулзалт  болох юм байна.
 
Энэ удаагийн хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 28 улсын хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгмийн байгууллага, Хүний эрхийг хамгаалагчдын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгчээс бүрдсэн 160 орчим төлөөлөгч оролцох юм байна.
 
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ярихдаа, “Манай байгууллага  2002 онд Ази Номхон Далайн бүс нутгийн чуулган /АНДЧ/-ны бүрэн эрхт гишүүнээр элсэн ажиллаж байна. Тус Чуулган нь 15 бүрэн эрхэт, 7 харилцагч гишүүн байгууллагатай. АНДЧ-ны гишүүн болсноор хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, хамгаалах асуудлыг бүс нутгийн түвшинд хэлэлцэх боломжтой.
 
АНДЧ-ны дүрэм ёсоор Удирдах Зөвлөлийн хурлыг зохион байгуулж буй ХЭҮБ-ын дарга нь АНДЧ-ны даргаар 2 жил сонгогдон ажилладаг. Тиймээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2015 -2017 он хүртэл АНДЧ-ыг тэргүүлэн ажиллана. Ингэснээр ОУЗХ-ны удирдах байгууллагын Товчооны гишүүн болох боломж бүрдэнэ” гэв.
 
Дашрамд дурдахад АНДЧ нь 1996 онд Австралийн Дарвин хотноо Австрали, Энэтхэг, Индонези, Шинэ Зеланд  зэрэг улс нэгдэж чуулснаар байгуулагджээ.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг