sonin.mn
СӨҮЛ. /TASS/.  Цэрэггүй бүсэд Өмнөд Солонгосын хоёр цэрэг минад өртсөн хэргийн төлөө Умард Солонгос уучлалт хүсэх ёстой. Гэхдээ Пхеньян уучлалт хүссэн  байлаа ч гэсэн хоёр орны хил дээр чанга яригчаар явуулж буй суртал ухуулгаа зогсоохгүй гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ мэдэгдсэнийг Ёнхап агентлаг уламжилжээ.
 
“Өмнөд Солонгос холбогдох арга хэмжээг авч, чанга яригчаар суртал ухуулгаа үргэлжлүүлэн явуулах болно” гэж тус улсын Ерөнхийлөгч хэлснийг Ёнхап агентлаг цохон тэмдэглэж байна. Тус агентлагийн мэдээлснээр, Пак Гын Хэ зөвлөхүүдтэйгээ уулзах үеэрээ дээрх мэдэгдлийг хийжээ. Энэ уулзалтыг өмнө нь төлөвлөсөн байв.
 
Үүний сацуу тэрбээр хэрэв хоёр талын яриа хэлцээний явцад түгшүүртэй байдлыг намжааж чадвал хөгжил цэцэглэлт, энх тайван байдлыг тогтооход Өмнөд Солонгос бүхий л хүчин чармайлтыг гаргана гэдгийг нэмж хэлсэн байна.
 
Умард болон Өмнөд Солонгос хоорондын Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжаах хэлэлцээний хоёр дахь шат хил орчмын Панмүнжом тосгонд болж байгаа бөгөөд одоог хүртэл үргэлжилсээр байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг