sonin.mn
ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Дэлхийн хоёрдугаар дайнд болон Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны 70 жилийн ойг тохиолдуулан есдүгээр сарын эхээр Хятадын нийслэл Бээжин хотод зохион байгуулах баярын арга хэмжээнд оролцохоос татгалзжээ.
 
"Иомиури" сонинд мэдээлснээр, Ерөнхий сайд Шинзо Абэ, Хятадын дарга Си Зиньпин нарын уулзалтыг Японы Засгийн газар олон улсын байгууллагуудын арга хэмжээний үеэр зохион байгуулах боломжийг хайх аж.
 
Абэ парламентын дээд танхимын хуралд суух зайлшгүй шаардлагатай байгаа учир ийм шийдвэр гаргажээ. Хурлын үеэр батлан хамгаалахын салбарын хуульд багц өөрчлөлт оруулах тухай эцсийн хэлэлцүүлэг болох аж. Уг хуульд өөрчлөлт оруулснаар Японы өөрийгөө хамгаалах хүчинд олгосон эрх мэдлийг өргөжүүлэх юм.
 
Үүний сацуу "Иомиури" сонинд онцлон тэмдэглэж буйгаар, Японы Засгийн газар мөн есдүгээр сарын 3-нд болох арга хэмжээнд олон улс орны удирдагчид тухайлбал, АНУ-ын эрх баригчид  оролцохгүй гэдгийг харгалзан үзжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг