sonin.mn
Монгол, Энэтхэг хоёр улсын Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 60 жилийн хугацаанд хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж, түүний дотор Батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа өргөжиж байгаа билээ.
 
Батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг 7 дахь удаагаа хамтран зохион байгуулав. Энэ оны 5 дугаар сард БНЭУ-ын Ерөнхий сайд анх удаа манай улсад албан ёсны айлчлал хийсэн нь 2 улсын хамтын ажиллагаанд түүхэн шинэ хуудас нээсэн гэдгийг талууд онцолж байсан юм.
 
Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, БХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Алтансүх, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг нарын удирдлагууд уулзсан бол Энэтхэг талаас Энэтхэг улсын Нэгдсэн хүчний Төрийн нарийн бичгийн дарга Суреш Кумар, 
Нэгдсэн хүчний штабын дэд дарга, бригадын генерал Н.У.Найр БХЯ-ны ГХАГ-ын орлогч дарга Л.Чандама, БНЭУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны цэргийн атташе, хурандаа В.Чаудари, БНЭУ-ын ЭСЯ-ны 2 дугаар нарийн бичгийн дарга Рави Шанкар нарын төлөөлөгчид оролцлоо.