sonin.mn
УИХ-ын гишүүн С.Одонтуяа БГД-ийн ИТХ-ын төлөөлөгчид болон бусад албаны хүмүүстэй уулзаж тус дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн өмнө тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, санал солилцлоо.
 
Баянгол дүүргийн хэмжээнд энэ жил цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 18 мянга хүүхэд байгаагаас дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 31 цэцэрлэг, хувийн 51 цэцэрлэгт 13 мянга орчим хүүхдийг хүлээж авах боломжтой юм байна.
 
Мөн зарим иргэд хүүхдээ бусад дүүргийн хувийн болон улсын цэцэрлэгт хамруулах тохиолдол байдаг тул цэцэрлэгийн насны хүүхдийн 91 хувь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой гэж албаны хүмүүс хэллээ.
 
Тус дүүрэгт улсын болон нийслэлийн төсвөөр 2012 оноос хойш долоон цэцэрлэг ашиглалтад орсон байна. Цаашид энэ тоог нэмэх боломж байгаа ч газар чөлөөлөх болон газар нөхөн олгох асуудал тодорхойгүй байгаа тул хүлээгдэж байгаа аж. Мөн концессын гэрээгээр шийдэгдэх зарим ажил хүлээгдэж байгаа талаар дүүргийн удирдлагууд хэлж байлаа
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг