sonin.mn
Улс төр ид буцалж буй намрын энэ өдрүүдэд МАХН ”Намын анхан шатны байгууллага-2015” говийн бүсийн зөвлөл­гөөнөө Дорноговь аймагт энэ сарын 22-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
 
Энэ удаагийн говийн бүсийн зөвлөлгөөнд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, дэд дарга УИХ-ын гишүүн, Бат­лан хамгаалахын сайд Ц.Цолмон, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ дахь “Шударга ёс” эвс­лийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ болон албаны бусад хүмүүсээс гад­на Өмнөговь, Дорно­говь, Дундговь, Говь­сүмбэр, Төв аймгийн тө­лөө­лөгчид оролцсон юм.
 
ТӨР ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙГАА НЬ СОНГОГЧДООС ШАЛТГААЛЖ БАЙГАА ЮМ
 
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлсэн үгэндээ “Хэлмэгдүүлэлт бол хүнийг үзэл бодлынх нь төлөө, баримталж байгаа байр суурийнх нь төлөө хууль бус аргаар эрхийг нь хязгаарлах, хүчээр ял оноох, эх орондоо ирэх бололцоог нь хаах зэрэг янз бүрийн аргаар илэрдэг.
 
Бид МАХН гэсэн сайхан нэрийг авч үлдэж, үүний цаана байх ой санамжийг, үндэсний эрх ашгийг, аюулгүй байдлыг хамгаалсан түүхийг авч үлдсэнийхээ төлөө, цаашид авч явахын төлөө хэлмэгдсэн. Намын дарга, эвслийн тэргүүн гэдэг утгаараа намайг, зарим нөхдийг минь ч хэлмэгдүүлсэн. МАХН ёс суртахуунтай нам, би өөрөө ёс суртахуунтай байх ёстой.
 
Манай намын гишүүд, дэмжигчид цаашдаа Монголын ард түмэн ёс суртахуунтай байх ёстой гэсэн үүднээс өөрсдөө үлгэр дууриал үзүүлж нэг алхам хийх ёстой. Энэ тухай би урд нь хэлж байсан, одоо дахин албан ёсоор хэлье.
 
Уучлал, өршөөл үзүүлнэ гэдэг төрийн үүрэг. Ардчилсан төр байгаа л бол уучлал, өршөөл заавал байх ёстой. Харин жинхэнэ уучлал гэж хэлмэгдүүлсэн нь уучлах биш алдаа гаргасан нь алдаагаа хүлээн зөвшөөрөөд уучлал гуйх ёстой. Энэ бол сайн зүйл, гэхдээ гавьяа биш. Гавьяаны хэмжээнд үнэлэгдэх уучлал гэдэг хэлмэгдсэн нь уучлах юм.
 
Хэлмэгдсэн би Ц.Элбэгдоржийг уучилж байна. Би энэ буруу тогтолцоог уучилж байна. Уучилна гэдэг эвлэрч байна гэсэн үг биш. Би харин үүнийг засахын тулд уучилж байна. Бүгдээрээ нийлээд буруу муухай зүйлс хийсэн энэ хүмүүсийг уучилья. Өс хонзон авахын төлөө биш, мартахын төлөө ч биш, харин алдааг засахын төлөө уучилна.
 
Алдааг хараагүй хүн уучилж чадахгүй өс хонзон санаад явдаг. Алдааг харсан хүн уучилж чадах ёстой. МАХН уучилж чадсанаараа ард түмнийхээ хайр итгэлийг татсан, бусдаас илүү ёс суртахуунтай, хүчтэй нам болно. Тиймээс манай ард түмэн “Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут цэцэглэдэг” гэж ярьдаг.
 
Бид 90 жилийн түүхэндээ хэчнээн их идүүлэв. Гэвч ургаад л байна. Яагаад ургаад байгаа юм гэхээр бид уучилж чаддаг, алдаагаа ухамсарлаж чаддаг, улсынхаа тусгаар тогтнол аюулгүй байдлын төлөө зөв бодлого гаргаж чаддаг, гаргасан бодлогоо хэрэгжүүлж чаддаг улстөрийн хүчин учраас ургаж байгаа юм. Цаашдаа бид улам хурдан ургаж ой мод болно.
 
Монгол Улсаа хөг­жүүлж, цэцэглүүлнэ. Ард иргэд маань хариуц­лага­гүй төрд итгэх итгэл алдарч байгаа нь үнэн. Төр хариуцлагагүй байгаа нь сонгогчдоос шалтгаалж байгаа юм. Төрд ганцхан муу муухай юм хийдэг хүмүүс очдог юм биш. “Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш ойлгохгүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй” гэдэг үг бий.
 
Түүнтэй адил тэр хүмүүст хэлэх янз бүрийн арга байна. Захиа бичиг өгөх, шаардах маягаар хэлээд бүр болохгүй бол сонголтоо өөрчлөх арга зам байна. Хэлэх ёстой үгээ ард түмэн хэлэхгүй болохоор төрд суугаа хүмүүс буруу зөвөө мэдэхгүй байна. Тиймээс нийтээрээ үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, үнэн зөв зүйлийг шаардаж байя” гэсэн юм.
 
АХМАДУУДТАЙ УУЛЗАЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
 
 
Энэ үеэр Чөлөөлөх дайны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Дорноговь аймгийн уугуул дөрвөн ахмадынд зочилж, тэдэнд хүндэтгэл үзүүлж шагнал гардуулав.
 
Эхний очсон айл нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат 94 настай Д.Бавуудорж гуайнх байв. Тэрээр үр хүүхэдгүй ганц бие нэгэн аж. Бага дүүгийнхээ хүүгийнд амьдардаг аж. 1945 оны Чөлөөлөх дайнд Долдугаар дивизийн 19 дүгээр морьт хорооны тусгай салааны дарга тэрээр Сайншандаас Жанчхүүгийн даваа хүртэлх байлдааны ажиллагаанд оролцож байжээ.
 
Цэргээс халагдаж ирээд Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт нягтлан бодогчоор ажиллаж байгаад гавьяаны амралтаа авчээ. Түүнийг МАХН-ын “Шударга үйлс” алтан медалиар шагнасныг намын дарга Н.Энхбаяр гардуулан өгсөн юм.
 
Харин дараа нь 85 настай Б.Гүрбазар гуайнд зочлов. Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат тэрээр Дорноговь аймагт 50 гаруй жил амьдарчээ. Өөрийн сонирхлоор лоозон бичдэг байснаа авдар хайрцагт хээ тавьж сурсан тэрээр 1968 оноос Аймгийн Соёлын ордон, театрт зураачаар ажилласаар тэтгэвэртээ гарсан байна.
 
Одоо гэртээ зураг зурж, уран бүтээл туурвидаг бөгөөд Ноён хутагтын 200 жилийн ойгоор музейд, Манлай сумын 90 жилийн ойгоор үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Түүний удамд төмрийн дархан модны мужаан эмээлийн гөлөм хийдэг уран хүмүүс байсан гэдэг. Түүнд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Чөлөөлөх дайны 70 жилийн ойн хүндэт медаль гардуулсан юм.
 
Мөн нэгдлийн эмнэлэгт сантехникчээр ажиллаж байгаад лам болсон 88 настай М.Дэрэм, 89 настай ахмад дайчин Ц.Бат-Очир гуайнд Н.Энхбаяр дарга зочилж тэдэнд МАХН-ын “Шударга үйлс” алтан медаль, гарын бэлэг өглөө.
 
 
УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ
 
Хэлэлцүүлгийн үеэр “Улс төр нийгмийн өнөөгийн байдал” сэдвээр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, “Хүний эрх, улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдвээр МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, “Социал демократ үзэл баримтлал” сэдвээр МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, “НАШБ-ын байгууллагуудыг бэхжүүлэхэд анхаарах асуудлуудын мэдээлэл” сэдвээр УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ, “2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тухай” сэдвээр МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян, “Эрхзүйн шинэчлэл ба Өршөөлийн хуулийн тухай” сэдвээр Засгийн газрын гишүүн, Хуульзүйн дэд сайд Ц.Уугангэрэл нар сонирхолтой илтгэлүүд тавьж, төлөөлөгчидтэй санал бодлоо солилцсон юм.
 
МАХН ”Намын анхан шатны байгууллага-2015” говийн бүсийн зөвлөлгөөн ийнхүү хоёр өдөр амжилт­тай болж өндөр­лөлөө. Чөлөөлөх дайны 70 жилийн ой, 2016 оны сон­гуулийг угтаж хийсэн энэ­хүү зөвлөлгөөнийг өнгөр­сөн түүхэн үйл явдлуудаа нэхэн дурсах, ирээдүйгээ харах чухал цугларалт боллоо гэж оролцогчид дүгнэж байлаа.
 
 
Сум бүрээс хоёр хүний бүрэлдэхүүнтэй ирсэн таван аймгийн төлөөлөл говийн бүсийн зөвлөлгөөндөө идэвх санаачлагатай сэтгэл өндөр оролцож байлаа. Тэдний сэтгэгдлийг сонссон юм.
 
 
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын МАХН-ын үүрийн дарга Ж.Төмөрмөнх: НАМЫН ТӨВ УДИРДЛАГЫН АППАРАТЫНХАН БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОРОЛЦЛОО
 
 “Ноён хутагтын өлгий нутаг Дорноговь аймгаас МАХН-ын говийн бүсийн сургалт, семинар амжилттай боллоо. Намын төв удирдлагын аппаратынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож  байгаад баяртай байна. Монгол орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, монгол оронд өрнөж буй улстөрийн өрнөл, ард иргэдийн эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэхийн төлөө хийж яваа ажил, алив нэгэн ажилд доголдож байгаа санаа бодлыг шүүн тунгааж ярилцаж байгаа нь цаашдаа улс орныхоо хөгжлийг түргэсгэх хөшүүрэг болж байна. Цаг үеэ олсон, Монгол орны хөгжлийг түргэсгэх, эх орноо хөгжүүлэх сэтгэлийг улам хөгжүүлэхэд туслах чухал зөвлөлгөөн боллоо.”
 
 
Өмнөговь аймгийн Ардчилсан шударга ёс Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ч.Өлзийсайхан: МАХН-ЫН ГИШҮҮД ЗӨВХӨН ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ҮНЭТ ЗҮЙЛСЭЭРЭЭ ХОЛБОГДДОГ
 
“Манай аймгаас 33 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл ирлээ. 2016 оны сонгуулийн урдчилгаа болон явагдаж буй бүсийн зөвлөлгөөнөөс бид маш олон зүйлийг сонсч, мэдэж авсандаа сэтгэгдэл өндөр байна. Өмнөговь аймаг Оюутолгой, Тавантолгойн орд байдгаараа улс орны төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг учраас улс төрийн ач холбогдол өндөр байдаг. МАХН-ыг байгуулагдсан цагаас манай аймгийн намын үүр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн.
 
Бид өөрсдөдөө тулгарч буй асуудлуудаар сэдэв бэлтгэж ирээд лекц тавьсан. Намын удирдлагууд болон бусад аймаг сумдынхан сонсч санал бодлоо солилцлоо. Манай намын үйл ажиллагаа, шударга ёсны гарц тодорхой учир ирэх сонгуульд амжилтад хүрэх нь тодорхой. МАХН-ын гишүүд зөвхөн итгэл үнэмшил, үнэт зүйлсээрээ холбогддог. Тиймээс итгэл дүүрэн байдаг учраас бид ажилласаар ирсэн, цаашид ч ажиллах болно.”
 
 
Төв аймгийн МАХН-ын ахмадын хорооны дарга Д.Бийраа: ЭНЭ ЖИЛИЙН ЗӨВЛӨЛГӨӨНД Н.ЭНХБАЯР ДАРГА ОРОЛЦОЖ БАЙГААГААРАА ОНЦЛОГ ЮМ
 
“Манай аймаг 40 гаруй төлөөлөгчтэй ирлээ. Зөвлөлгөөн маш үр дүнтэй боллоо. Үүрэг зорилго, ямар ажил хийхээ сайн ойлгож чадлаа. Энэ жилийн зөвлөлгөөнд Н.Энхбаяр дарга оролцож байгаагаараа онцлог юм. Төв аймгийн 27 сумаас 26-д нь МАХН-ын хороодтой, гишүүд олонтой байдаг. Манай намын дарга Залуучуудын холбооны тэргүүнээр ажилладаг залуу хүн бий. Залуу хүний эрчээр сайн ажиллаж байгаад бид баяртай байдаг. Тиймээс сонгуульд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байгаа.”
 
 
Х.Монголхатан
Эх сурвалж: