sonin.mn
ЛОНДОН. /TASS/. Азийн хөрөнгийн биржүүдэд уналт болсны дараа залгуулаад Европын гол хөрөнгийн биржүүдийн гол индексүүдийн ханш огцом уналаа.
Зах зээлийн хөрөнгийн хэмжээгээрээ Европын Холбооны томоохон 300 компанийг хамардаг паневропын “FTSE Eurofirst 300” индекс даваа гарагийн арилжааны дунд үед 5 хувиар буурсан байна.
 
Энэ нь 2009 оны гуравдугаар сараас хойш нэг өдрийн дотор мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт юм. 2015 он гарсны дараа 1369 нэгж байсан уг индекс одоогийн байдлаар 1356 нэгжийн түвшинд байна.
 
Үүний сацуу Лондоны хөрөнгийн биржийн гол үзүүлэлт болох “FTSE 100” индекс 4.05 хувиар буурч, уул уурхайн компаниудын хувьцаа үнэ цэнээ илүү их алдаж эхэлсэн байна.
 
Тухайлбал, “Glencore” худалдааны компанийн хувьцааны ханш Лондонгийн хөрөнгийн биржид 8.67 хувиар буурсан байна. Урьд нь оны эхэнд тус компанийн хувьцаа 50.4 хувиар буурч байжээ. “Anglo-American” компанийн хувьцаа 7.74 хувиар, “BHP Billiton” компанийнх 7.03 хувиар тус тус буурсан байна.
 
Хятадын эдийн засгийн хэтийн төлвийн тухайд болгоомжлол үүссэний улмаас тус улсын хөрөнгийн биржүүдэд сүүлийн найман жилийн хугацаан дахь огцом уналт болсон бөгөөд үүний дараа Франкфурт болон Парисын индексүүд огцом унасан байна. Германы DAX индекс 4.01 хувиар буурч 9718 нэгж болж, он гарснаас хойш анх удаа 10 мянган нэгжээс доошилжээ. Парисын хөрөнгийн биржийн гол индекс CAC 40 4.74 хувиар буурсан байна.
 
Америкийн S&P-500 индекс арилжаа эхлэхэд 3.85 хувиар, Dow Jones 3.4 хувиар, NASDAQ 8.25 хувиар тус тус буурчээ.
 
“Хятадын эдийн засаг цаашдаа сулрах болон түүхий эдийн зах зээлийн байдал хүндрэх эсэх, АНУ-ын Холбооны нөөцийн сан болон Хятадын Ардын банкны хийх алхам тодорхой бус байгаа зэргээс шалтгаалан зах зээл дээр болгоомжлол үүсээд байна" гэж “Societe Generale” компанийн ажиглагч Кит Жюк ярьсныг Их Британийн “Financial Times” сонинд иш татжээ.
 
Даваа гарагт Шанхайн хөрөнгийн биржийн байдлыг тодорхойлдог “Shanghai Composite” индекс 297.84 нэгж буюу 8.49 хувиар буурч 3209.91 нэгж болсон байна. Хятадын зах зээл арилжаа эхэлсний дараа шууд уналтад орж, өдрийн турш алдагдлаа нөхөж чадаагүй байна. 2200 компанийн хувьцааны үнэ 10 гаруй хувиар буурсантай холбоотойгоор арилжааг зогсоожээ.
 
Хятадын эдийн засгийн хэтийн төлвийн талаарх болгоомжлолын улмаас нефтийн үнэ зургаан жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч буурсан байна.
 
“Brent” маркийн нефтийн аравдугаар сард нийлүүлэх үнэ Лондоны “ICE” биржийн арилжааны явцад 3.96 хувиар буурч, нэг торх нь 43.7 доллар болсон нь 2009 оноос хойших хамгийн доод үзүүлэлт юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг