sonin.mn
ЖЕНЕВ. /АР/. Солонгосын хойгт үүссэн хурцадмал байдлыг намжаахын тулд хоёр Солонгос хамтран ажиллахаар тохиролцоонд хүрснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн сайшаалаа.
 
“Үүссэн асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэхийн тулд яриа хэлцээ хийж байхаар хоёр Солонгос тохиролцоонд хүрсэнд би баяртай байна” гэж НҮБ-ын тэргүүн хэлэв. Мөн Солонгосын хойгийн энх тайван болон тогтвортой байдлын төлөөх хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхийн чухлыг тэрбээр онцлон тэмдэглэсэн юм.
 
Өмнөд болон Умард Солонгос тохиролцоонд хүрснийг АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жон Кирби мөн сайшаажээ.
 
Тэрбээр хэлэхдээ, “Солонгос хоорондын харилцааг сайжруулахын төлөө уйгагүй хүчин чармайлт гаргаж буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг АНУ-ын Засгийн газар хэзээд дэмжинэ” гээд, “АНУ Өмнөд Солонгостой цаашид илүү нягт хамтран ажиллана” гэсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг