sonin.mn
АНКАРА. /TASS/.  Хэсэг бүлэг террористууд Туркийн Карс мужид Баку-Тбилиси-Эрзурум чиглэлийн хий дамжуулах хоолойн хэсгийг дэлбэлсэн байна. Тус мужийн захирагчийн албанаас мэдээлснээр, халдлагыг “Курдистаны ажилчны намын босогчид үйлдсэн болохыг” тогтоожээ.
 
Дэлбэрэлт даваа гарагийн орой Сарыкамыш хошууны авто замын хэсэгт болсон байна. Халдлагад 20 орчим босогч оролцжээ. Туркийн телевизээр мэдээлснээр, хий дамжуулах хоолойгоор түлш нийлүүлэхийг зогсоосон бөгөөд түймрийг унтрааж байгаа аж.
 
Хэргийн газар аюулгүй байдлын хүчний анги нэгтгэлийг татсан байна. Мужийн эргэн тойрон дахь бүс нутгийг цагдаа нар болон цэргүүд хяналтдаа авчээ. Босогчидтой буудалцаж байгаа тухай мэдээлж байна.
 
Баку-Тбилиси-Эрзурум чиглэлийн хоолой нь 2007 оны гуравдугаар сарын 25-наас албан ёсоор ашиглаж эхэлсэн Өмнөд Кавказын хий дамжуулах хоолой юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг