sonin.mn
ХХАА-н сайд Р.Бурмаа өчигдөр буюу энэ сарын 24-нд болсон Засгийн газрын хуралдаанд 2015 оны ургацын дүнгийн талаар мэдээлэл хийжээ. Өнгөрсөн хавар нийт 390 мянган га талбайд үр тариа тарьсан. Үүнээс 370 орчим мянган га талбайд улаан буудай тариалсан.
 
Хаврын тариалалтын ажил сайн эхэлсэн боловч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургацад сөргөөр нөлөөлж, нийт тариан талбайн 50 мянган га талбайгаас ургац авах боломжгүй болсон хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр өнөөдөр мэдээллээ.
 
Тэрбээр, “Одоогоор 252 мянган тонн улаанбуудай үтрэм дээр бууна гэсэн тооцоолол байгаа. Үүнээс үрийн нөөцөд 30 мянган тонн, малын тэжээлд 12 мянган тонн, спиртийн үйлдвэрлэлд 9 мянган тонныг хэрэглэнэ.
 
Ингэснээр 141 мянган тонн улаанбуудай гурил үйлдвэрлэх хэрэгцээнд үлдэнэ гэсэн үг. Үүн дээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нөөцөд байгаа 27 мянган тонн улаан буудай нэмэгдэнэ.
 
Монгол Улс жилдээ 240 мянган тонн гурил буюу 320 мянган тонн улаанбуудай хэрэглэдэг. Тэгэхээр 100 мянга гаруй тонн улаанбуудай дутна гэсэн үг. Ингээд ХХАА-н сайдын танилцуулгын дараа түүнд ургац хураалтыг шуурхай зохион байгуулж, дахин ургац алдахаас урьдчилан сэргийлэхийг даалгасан.
 
Өмнөх Засгийн газрын хуралдаанаар гурил үйлдвэрлэхэд шаардлагатай улаанбуудайг гадаадаас худалдаж авахыг салбарын сайдад үүрэг болгосон” гэлээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг