sonin.mn
ЛОНДОН. /TASS/. Нийт өрийнх нь 20 хувийг цайруулах замаар Украины өрийн бүтцийг өөрчлөхийг олон улсын зээлдүүлэгчид зөвшөөрлөө гэж Лондоны “Financial Times” сонины цахим хуудсанд мэдээлжээ.
 
“Украины өрийн 20 хувийг цайруулах асуудал нь тус улсын эрх баригчдын олон улсын зээлдүүлэгчидтэй хийж буй хэлэлцээний сүүлийн санал юм. Одоогоор талууд өрөө барагдуулахад Киевийн хүлээсэн үүргийг хөнгөвчлөх замаар тус улсыг аврах тухай Олон улсын валютын сангийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг оролдож байна” гэж “Financial Times” сонинд онцлон дурдаж байна.
 
Тус сонинд бичиж буйгаар, “одоогийн байдлаар ямар ч гэрээ байгуулаагүй байгаа боловч дээрх санал нь талууд урьдчилсан тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байгааг харуулж байна”.
 
Киевийн албан ёсны төлөөлөгчид хэлэлцээ хийхээр Америкийн Сан-Франциско хотод хоёр долоо хоногийн өмнө иржээ. Тус хотод Украины еврогоор гаргасан өрийн бичгийн хамгийн том эзэмшигч болох “Franklin Templeton” компанийн төв офисс байрладаг байна. Зээлдүүлэгчдийн тавьж буй хэмжээнээс хоёр дахин буюу өрийнх нь 40 хувийг бууруулахыг Украины тал шаардаж байгаа аж.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг