sonin.mn
Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн байрны 2 дугаар давхарыг Эмгэг судлалын үндэсний төвд балансаас балансад шилжүүлэхээр тогтлоо.
 
Эмгэг судлалын үндэсний төв нь эмгэг эд, эс, бүтэц судлал, онош зүйн лабораторийн шинжилгээний аргуудад тулгуурлан эмгэг судлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлага, арга зүй, хяналтаар хангах, хөгжлийн хэтийн төлөв, бодлого боловсруулах зорилго бүхий эрдэм шинжилгээ, сургалт, практикийн эрүүл мэндийн байгууллага юм.
 
Тус төв нь өнөөдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн байрны 9 өрөөнд түрээсээр байрлаж байна. Одоогийн байрлаж байгаа байрны нөхцөл тус төвийн үйл ажиллагаа явуулах шаардлагыг хангахгүй байгаа болон шинээр барилга барих эдийн засгийн боломж байхгүй  тул шаардлага хангасан барилгыг балансаас балансад шилжүүлж, асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
 
Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороонд даалгав.
 
Товч мэдээ
 
-  “Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалтын бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” болон “Хөрөнгө шийдвэрлэх тухай” Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор дотоодын зах зээлд 6 жил хүртлэх хугацаатай, 4 хувийн хүүтэй үнэт цаас гаргахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.
 
-  УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцээд яамдаас ирүүлсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
 
-  Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлтэй холбоотойгоор бусад улсуудаас өгсөн 164 зөвлөмжийн талаарх байр суурийн тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Эдгээрээс Монгол Улс 151 зөвлөмжийг хүлээн авч, 13-ыг хүлээн авахгүй байх байр суурь гаргасныг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 30 дугаар чуулганд танилцуулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
 
 
-  2009 онд БНХАУ-ын Тяньжин хотод байгуулагдсан “Улаабаатарын төлөөлөгчийн газар” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс татан буулгаж, Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн Дунзян эдийн засаг, худалдааны чөлөөт боомт бүсэд тээвэр ложистикийн төслийг Хятадын талтай хамтарсан компани байгуулах замаар хэрэгжүүлэхийг “Монголын төмөр зам” ТӨХК-д зөвшөөрлөө.