sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгт "Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай" албан тоот өнөөдөр /2015.08.25/ хүргүүлжээ.
 
Уг албан тоотод : " Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын зургаан сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөн.
 
Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т, "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно.
 
Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байна. Хуулийн энэхүү заалтын дагуу 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдсөн Засгийн газрын зургаан гишүүний оронд томилох сайд нарыг 2015 оны 9 дүгээр сарын 06-ны дотор Улсын Их Хурал нөхөн томилох ёстой.
 
Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Та Засгийн газрын тухай хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлж, шинээр томилогдох Засгийн газрын гишүүдийг Улсын Их Хуралд өргөн барихыг хүсье" гэжээ.