sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/.  НАТО дахь холбоотнуудынхаа аюулгүй байдлыг бэхжүүлэх санаачилгын дагуу АНУ-ын эрх баригчид F-22 сөнөөгч онгоцуудаа анх удаа Европт байрлуулна.  Энэ тухай АНУ-ын Агаарын цэргийн хүчний сайд Дебор Ли Жеймс Пентагонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдлээ.
Умард Атлантын эвсэл дэх холбоотнуудынхаа аюулгүй байдлыг бэхжүүлэх санаачилгыг Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн онд гаргасан юм.
 
“F-22 сөнөөгчүүдээ Европт байрлуулах нь манай орны Агаарын цэргийн хүчний боломжийг нэмэгдүүлнэ” гэж тэрбээр хэлжээ. Гэхдээ тэрбээр Америкийн шинэ онгоцууд Европ тивд хэзээ очихыг болон ямар баазад байрлах талаар тодорхой дурдаагүй байна.
 
Тав дахь үеийн F-22 сөнөөгч онгоцыг  “Boeing” болон  “Lockheed Martin” компани хамтран бүтээсэн бөгөөд АНУ-ын Агаарын цэргийн хүчний зэвсэглэлд 2005 онд хүлээн авчээ. Уг онгоцыг өнгөрсөн онд Ирак, Сирид “Лалын улс” бүлэглэлийн босогчдын эсрэг агаарын цэргийн ажиллагаа явуулах үеэр анх удаа байлдааны нөхцөлд ашигласан байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг