sonin.mn
Өдөр бүр “Чуулган эхлэх нь үү” гэсэн асуулт. Мэдэх хүн нь УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд. Одоо бол Зам тээврийн сайдын суудлаас өөр булаалдаад байх эрх ашиг АН-д байхгүй. Гэтэл Х.Баттулга ямар нэг шалтгаанаар заавал өөрийн хүнийг Зам тээврийн сайдаар томилуулах шаардлагатай байгаа нь тодорхой. 
 
Тэр сайд нь өөрөө, эсвэл итгэлт хүн А.Гансүх нь байвал “хүний хуучин нь, дээлийн шинэ нь” гээд дэмжчих ч юм билүү. Харин “Женко” Х.Баттулга ичээд “шатрын хүү” түлхээд, тэр нь намынханд нь гологдоод байдаг. Ингэж төрийн ажлыг гацааж байхаар өөрөө нэр дэвшээд улайраад дайрчих зориг бас дутаад байгаа бололтой юм.
 
Түүнийг Орос, Хятадын аль аль талд элдэв амлалт өгсөн, түүндээ хүрээгүйнхээ төлөө шантаажинд орж бөөн уур явааг улс төрийн хүрээнийхэн бүгд мэдэж байгаа. Гэвч үүний төлөө нэгэн эмэгтэй гишүүнийг ч “Сайд болгоно” гэж онгироож байгаад, хэлэх үгийг нь зааж өгч утсан хүүхэлдэй болгосон. Өнөөх нь ч өөрийгөө “Баттулгын барби” гээд бодчихсон байтал намын бүлэг дээрээ гологдож эвгүй байдалд орлоо. 
 
Л.Эрдэнэчимэг сайд боллоо ч түүний хийх үндсэн ажил Тавантолгойг гацаах билээ. Монгол Улсын сайд М.Энхсайханы хэлсэнчлэн Тавантолгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулсан бол 450 сая ам.доллар Монголын эдийн засагт шууд орж ирэх байлаа. Гэвч ашиг хайгч, гадныхнаар үг үйлдлээ заалгуулах болсон эрхэмд энэ хамаа алга.
 
“Женко”-гийн бэлтгэсэн дараагийн нэр дэвшигч нь Б.Наранхүү гишүүн байсан ч өөрийгөө дэмжүүлэх гарын үсэг цуглуулж тэр нь цахим хуудсаар ил болох, энд тэнд “том бэлэгтэй” дайллага цайллага зохион байгуулсан нь илэрснээр түүний нэр бүдгэрээд байна.
 
Адаг сүүлд нь “Женко" өнөөх л Тавантолгойг дайснуудад алдах гэж байгаа мэт үг, өгүүлбэрүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим хуудсуудаар зохион байгуулалттай тараах явдал хэрээс хэтэрлээ.
 
Өдөр бүр нэг л хүний тухай, нэг л толгойн тухай, нэг л замын тухай эцэс төгсгөлгүй уншсаар уншигчид залхаж эсрэгээрээ өнөөх балбуулаад байгаа хүнийг “Яадгийм, яасан сайн хүн бэ. Тэгэх тусам нь томилогдчихоосой” гэж бодтол сурталчилж өглөө. Х.Баттулга гишүүн өөрөө тамирчин хүн болохоор “Бэлтгэл цөмөрнө” гэж мэднэ. Тэгвэл яг одоо өөрийнх нь явуулж байгаа хар пиар цөмөрч цагаан пиарын шинжинд оров уу гэмээр инээдтэй дүр зураг харагдаж байна.
 
Нам нь нэр цэвэр, салбараа мэддэг хүнийг сайдаар томилъё гэхээр фракцийн зарчмаа хадгалж манайх зам тээврийн салбарыг авах ёстой гэдэг. Зарчмаа барья гэхээр “Фракцгүй намын төлөө” гээд хашхирчихдаг гэх мэт олон мэхийг тэр хэрэглэн ихэд сандарч байна.
 
Ингэж байхаар “Би энэ ажлыг хийж байсан туршлагатай. Би дахиад сайд болно” гээд нэрээ дэвшүүлчихвэл төрийн ажил гацахгүй хурдан урагшилж Өршөөлийн хуулиа ч эцэслэн баталж, Засгийн газар ч элэг бүтэн болох юм. Гэтэл хэнийг ч дэвшүүлсэн, ямар ч сэдвээр ярьсан Тавантолгой, төмөр зам яриад гацаагаад байхаар яаж урагшлах билээ.
 
М.Мөрөн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин