sonin.mn
БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин Элчин сайдаар томилогдож хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байгаа юм. Тэрбээр манай улсад ирэх үед Хятад улсын "Тяньжин боомтод болсон дэлбэрэлтээс үүдэн бий болсон гарз хохиролд маш их санаа нь зовж байгаагаа илэрхийлсэн
"Гандрис" группийн ерөнхий захирал Ц.Эрдэнэчулууны захидлыг хүлээн авсан байна. 
 
Манай улсад дөнгөж ирээд ийм захиа хүлээн авсандаа тэрбээр маш их бэлэгшээж тус захиаг илгээсэн Ц.Эрдэнэчулууныг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр Элчин сайд Шин Хаймин “Дөнгөж ажилдаа орж байхад монголын ард, иргэдийн халуун дотно сэтгэлийн илэрхийлэл болсон анхны найрсаг захиа авсандаа баяртай байна. “Зовох цагт нөхрийн чанар танигдана”гэдэг үг байдаг. Хятад улсын иргэдэд туслахаар сэтгэл шулуудан бидэнд хандсан нь өөрөө хоёр улсын ард иргэдийн сайхан найрамдлыг харуулсан үйл явдал боллоо гэж үзэж байна”гэлээ. 
 
Ингээд Гандирс группийн ерөнхий захирал Ц.Эрдэнэчулууны захидал болон түүний хариу болгон илгээсэн Элчин сайд Шин Хаймины захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГ АА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ТАНАА
 
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1, 
Баруун Сэлбэ 5/26,
Гандирс цогцолбор 
Утас/факс: 7011-7070, 
И-мэйл: info@gandrisgroup.com
Вэб сайт: gandrisgroup.com
 
БНХАУ-ын Тяньжин боомтод аюултай дэлбэрэлт болж, хүний амь нас болон эд хөрөнгийн их хэмжээний гарз хохирол учирч байгаад санаа зовж, сэтгэл өвдөж байгааг минь юуны өмнө хүлээн авна уу.
 
БНХАУ нь манай орны гол түнш, хил залгаа орноос гадна Хятад орон нь төрийн бодлого, эдийн засгийн хөгжил, хүн ардын ажилч хичээнгүй зан чанараараа дэлхийд гайхуулж байгаагийн хамгийн тод гэрч нь монголчууд мөн. Түүнээс гадна, монголын олон компани, гэр бүл, иргэн хүн ямар нэгэн байдлаар Хятад орон, хятадын ард түмэнтэй байнгын харилцаа, хамтын ажиллагаатай байдаг тул Тяньжин хотод болсон энэхүү гамшгийг онцгой эмзэглэн хүлээн авч байгаа юм.
 
Миний бие бусад олон монголчуудын нэгэн адил манай улс нээлттэй нийгэмд шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй жил хятадын зах зээл, хятадын ард түмэнтэй харилцаатай байснаар худалдаа хийх, бизнес эрхлэх, сурч боловсрох, эмчлүүлэх зэрэг ажил, амьдралын олон мөчид байнгын дэмжлэг, туслалцаа болж байдагт талархлаа илэрхийлэхийг хүсч байна. 
 
Би Монгол Улсын жирийн нэгэн бизнесмэн эмэгтэй хүн. Бизнес эрхэлнэ гэдэг ямар их хүнд хөдөлмөр болох, бизнесмэн хүн ямар их хөлс хүч гарган байж энэ ажлын ард гардгийг би мэднэ. Гэтэл, хувь хүн, гэр бүл, эсвэл хамт олны тэр их нөр хөдөлмөр хоромхон зуур гэнэтийн тохиолдлоор газрын хөрснөөс арчигдана гэдэг аймшигтай юм. Гай зовлон хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг.
 
Тяньжинд болсон гамшгийн хохирлыг арилгах, хэвийн байдалд эргүүлэн оруулахын төлөө Хятадын Засгийн газар шаардлагатай бүх арга хэмжээг авч, амжилттай зохион байгуулах нь эргэлзээгүй юм.
 
"Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад нь тэвнээр тусал” гэсэн Монгол ардын зүйр үг байдаг. Мэдээж, ганц миний бие, манай жижигхэн хамт олны зүгээс гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслах боломж, чадал нь өчүүхэн ч хүнд үед нэг нэгэндээ нөхөр байх сэтгэлийн хүч, хүсэл зориг асар их юм. Ийнхүү, бид хэнд, хэрхэн тусалж чадах билээ хэмээн бодсоны эцэст дараах саналыг гаргаж байна. Үүнд:
 
Дэлбэрэлтийн улмаас гүнзгий хохирол амссан иргэн, гэр бүл, хамт олны дундаас бидэнтэй холбоо тогтоож, тусламж үзүүлэх талаар санал, хүсэлтээ ирүүлээсэй гэж хүсч байна.
 
Шаардлагатай тохиолдолд Монгол Улсад урьж ирүүлэн амраах, сэтгэлийн хямралаас гарахад нь туслах, шинэ бизнесийн боломжийг судлах, бодит ажил хэрэг болгоход нь дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой.
 
Бидний чадах зүйл өчүүхэн байж болох ч сайн санааны үзүүрт сайхан үр дүн гарна гэдэг тул хэн нэгэнд тус, амьдралд гэрэл гэгээ, бизнест нь боломж өгөх болов уу хэмээн илгээж байгаа бидний захидлыг зохих газарт нь хүргүүлж, дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна.
 
Хүндэтгэсэн,
 
Ц.Эрдэнэчулуун
 
 
 
Эрхэм хүндэт Монгол Улсын Гандирс группийн Ерөнхий захирал хатагтай Ц.Эрдэнэчулуун танаа
 
Таны амар амгаланг айлтгая. Юуны өмнө миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн Танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Би БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдон хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн. Монгол Улсад ирээд удаагүй байхдааТяньжин боомтод хүчтэй дэлбэрэлтийн улмаас томоохон осол болсонд эмгэнэл илэрхийлсэн тухай Таны захидлыг хүлээн авсан. Энэхүү захидал миний бие үүрэгт ажилдаа дөнгөж орсны дараа найрсаг Монголын ард түмний халуун дотно сэтгэлийн илэрхийлэл болсон анхны захидал байсанд сэтгэл их хөдөлсөн.
 
"Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад нь тэвнээр тусал” гэдэг Монгол ардын сайхан зүйр үг байдаг тухай Та захидалдаа дурьдсан байсан. Би үүнтэй санал нэг байна. “Нарс модны тэсвэрийг хүйтэн харуулдаг, хүний сэтгэлийг зовлон харуулдаг” гэдэг утгатай Хятад ардын эртний сайхан үг байдаг. Таны захидлаас би Та болон Таны гэр бүл, мөн монголын аж ахуйн нэгж, өөрийн хөрш Хятад улсад найрсаг чин сэтгэлээр ханддаг болохыг, агуу их Монголын ард түмэн Хятадын ард түмэнтэй гүн гүнзгий найрамдалд харилцаатайг улам ихээр мэдэрсэн.
 
Хятад, Монгол хоёр улс болон хоёр ард түмэн сайн хөрш, сайн анд, сайн түншүүд билээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт улам бүр өргөжин гүнзгийрч, эрчимтэй хөгжин цэцэглэж байна.
 
Хоёр ард түмний бат, бэх найрамдал бол хоёр орны харилцааг тэтгэн хөгжүүлэх үндэс суурь, мөн хүнд хэцүү, бэрхшээлийг даван туулж, тасралтгүй урагшлан хөгжих гол хүчин зүйл байдаг бөгөөд Та бидний нандигнан хайрлаж, хамгаалж, цэцэглэн хөгжүүлэх хамгийн үнэ цэнэтэй зүйл юм.
 
Энэ удаагийн ослын дараа Хятадын нам, төр, засгийн газар шийдэмгий арга хэмжээ авч хүчээ дайчлан осолд өртсөн иргэдийг аврах, эрэн хайх, шинээр суурилуулах, байгаль орчны бохирдлыг арилгах, ослын газрыг цэвэрлэх, аюулгүй байдлыг хангах, ослын шалтгааныг шалгаж, илрүүлэх, мэдээлэл түгээх зэрэг олон ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсний үр дүнд тодорхой ахиц гарсан.
 
Хятадын нам, төр, засгийн газрын хүчирхэг удирдлага дор Бүх Хятадын ард түмэн бэрхшээлийг даван туулж, энэхүү томоохон ослын эсрэг хүндхэн тэмцэлд ялан дийлж чадна гэдэгтээ Хятадын тал итгэлтэй байна. Монголын ард түмний чин сэтгэлийн дэмжлэг, тал бүрийн туслалцааны илэрхийлэл болсон Таны захидлын үр дүнд бидний итгэл улам бүр хүчтэй болж байна.
 
Хятад, Монгол хоёр улс уул, усаар холбогдсон найрсаг хөршүүд. Хоёр орны ард түмний найрамдал урт удаан түүхтэй. Хятадын тал монголын талтай харилцан хүндэтгэсэн, эрх тэгш найрсаг харилцааг өрнүүлж, хамтдаа хөгжихийг эрхэмлэж ирсэн. Би БНХАУ-ын Гадаад хэргийн яаманд ажиллах хугацаандаа олон удаа Монгол Улсад ирж байсан. Үзэсгэлэнт Монгол Улсын тухай найрсаг сайхан сэтгэгдэлтэй байдаг. Олон сайхан Монгол найз нөхөд минь ч байгаа. 
 
БНХАУ-ын дарга Си Зиньпин намайг Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилсон. Мөн Хятадын Засгийн газрын шийдвэрээр энэхүү шинэ албан тушаалд томилогдон ажиллаж байна. Миний бие цаашид Хятадын Засгийн газрын Монгол Улстай хөгжүүлэх бодлогыг хичээнгүйлэн хэрэгжүүлж, хоёр орон, хоёр ард түмний найрамдалт хамтын ажиллагааны элч байх болно. 
 
Хятад, Монголын харилцаанд ач тустай, Монгол Улсын хөгжил цэцэглэлт, Монголын ард түмний сайн сайхны төлөөх бүхий л үйл хэрэгт хүч чадлаа дайчлан ажиллах болно. Мөн Эрхэмсэг хатагтай Ц.Эрдэнэчулуун Таны болон Монголын агуу ард түмний туслалцаа, дэмжлэгийг хүсч байна.
 
Би таны ирүүлсэн захидлыг хятадын холбогдох газарт уламжлах болно. Таны захидал хятадын ард түмэнд хамгийн эрхэм нандин дэмжлэг болох сэтгэлийн хүчийг бэлэглэсэн гэдэгт итгэлтэй байна. Танд дахин талархал илэрхийлье. Монголын ард түмний халуун дотно сэтгэлд талархал илэрхийлье. Танай гэр бүлд аз жаргал хүсч, ажил үйлс тань бүтэмжтэй байхын ерөөл дэвшүүлье. “Гандирс” группийн хятадын талтай хөгжүүлж буй хамтын ажиллагаа улам хурдтай, улам өндөр амжилттай байхыг хүсэн ерөөе.
 
Хүндэтгэсэн,
 
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ШИН ХАЙМИН
 
2015 оны наймдугаар сарын 23-ны өдөр, Улаанбаатар хот