sonin.mn
УИХ-ын гишүүн Я.СОДБААТАРТАЙ ярилцлаа.
 
-Ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан. Үүнийг МАН-ын бүлэг хэрхэн хүлээж авч байгаа  вэ. Тэр дундаа таны байр суурийг сонсъё ?
 
-Ээлжит бус чуулганыг ээлжлэн зарласан зун болж байна. Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар УИХ  дахь МАН-ын бүлэг хуралдаж, ямар нэгэн шийдэлд хүрээгүй байна. Харин би хувь гишүүнийхээ хувьд УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой гэж үзэж байгаа. Ер нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсын төр ард иргэдээ, тэр дундаа гэмт хэрэгт холбогдсон иргэдээ өршөөж ирсэн. Зургаан ч удаа Өршөөлийн хуулийг гаргаж байв.
 
Гэхдээ Монгол төрийн   бодлогын залгамж чанар, хар хайрцагны бодлого гэж байдаг.  Өршөөлийн хуулийн хүрээнд өмнө нь өршөөлд хамрагдаж байсан болон уучлал хүртэж байсан, онц болон онц хүнд гэмт хэрэгтнээс гадна авлига, хээл хахуультай холбоотой хэргүүдийг хамруулдаггүй байсан. Тодорхой хүрээнд өршөөдөг байлаа.
 
Тухайлбал, 18 нас хүртэлх хүүхэдтэй эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхдүүд, анхаарал болгоомжгүйн улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хөнгөн болон хөнгөвтөр гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүдийг л голдуу өршөөлд хамруулдаг  байсан. Харин энэ удаагийн  Өршөөлийн хууль нэлээд өргөн хүрээг хамарсан, ялангуяа албан тушаалтнуудын авлига, хээл хахуультай холбоотой эрүүгийн хуулийн заалтаар шалгуулж байгаа болон ял авсан хүмүүсийг өршөөхөөр оруулж ирсэн нь нийгэмд нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байна.
 
Манай улс сүүлийн арваад жил авлига, хээл хахуультай тэмцэх чиглэлээр АТГ-ыг байгуулж, хууль батлаад зогсохгүй, ашиг сонирхлыг зохицуулж эхэлсэн гээд тодорхой амжилтад хүрсэн гэж үзэж байсан. Гэтэл  харамсалтай  нь энэ удаагийн Өршөөлийн хуулийн хүрээнд  авлига авсан албан тушаалтнуудыг өршөөхөөр болсон нь нийгэмд буруу жишиг тогтоож байгаа юм л даа. Энэ ч үүднээс нийгмээс томоохон эсэргүүцэлтэй тулаад байгаа. Тийм учраас Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж аваад  засч, залруулаад явах нь зүйтэй гэж харж байна. 
 
-Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой зүйл, заалтыг “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлээгүй гэх дуулиан дэгдээд байна л даа. Хориг хэрхэхийг хэлэлцээгүй байхад ингэж хасч хэвлэж болдог юм болов уу?
 
-Төрийн мэдээлэлд яаж хэвлэсэн байгааг хараагүй байгаа учраас энэ талаар  тайлбар хийх боломжгүй байна. Ер нь хэвлэлээр явж байгаа мэдээллээс харахад сүүлийн үед УИХ-ын дарга болон Тамгын газраас хууль зөрчих хандлага нэлээд түгээмэл болчихлоо. Уг нь З.Энхболд өнгөрсөн жил хамтарсан засаг байгуулж, манай бүлэг дээр орж ирж хамтын ажиллагааны талаар ярьж байхдаа нэг гол зарчмыг баримталж байсан. Бид ч үүнд нь итгэж байлаа. Тэр нь юу гэхээр цагаан дээр хараар бичсэн хуулийг хэнбугай ч байсан зөрчиж болохгүй.
 
Хууль бол хууль. Хууль дээдлэх зарчим бол төрийн албан хаагчдын, төрийн байгууллагын үндсэн зарчим байх ёстой гэж байв. Гэтэл спикер ээлжит бус чуулганыг зарлахад  гаргасан захирамждаа өргөн бариагүй асуудлыг хэлэлцэхээр оруулж ирсэн нь Үндсэн хуулийн хэмжээнд хүрэхээр алдаа болсон гэж үзэж байгаа. Тийм ч учраас хэсэг иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа юм билээ. Одоо улс төрийн хүрээнд  өрнөж байгаа үйл явцыг харахаар нэлээд хууль зөрчсөн үйлдэл багагүй гараад байна л даа. Ер нь энэ мэтээр санаатай болон санамсаргүйгээр хууль зөрчих нь төрийн хүний хийх үйлдэл биш шүү дээ. 
 
-Таны хэлсэн дээр нэмээд асуухад ерөөсөө сүүлийн үед хуулийг тохиролцож баталдаг жишигтэй болчихлоо л доо. Хамгийн сүүлийн жишээ нь Өршөөлийн хууль боллоо шүү дээ. АН,  “Шударга ёс”  эвслийн хүсэл сонирхол огтлолцоод л  наймааны маягаар Өршөөлийн хуулийг баталж байх жишээтэй.
 
-МАН засгаас зургаан сайдаа гаргасан. Өнөөдөр парламентад олон суудалтай байгаа АН  “Шударга ёс” эвсэлтэй нийлж, хууль зөрчсөн олон хуйвалдааныг хийж байгаа. Энэ хуйвалдааныг дотроос нь хараад суухад тэвчишгүй байсан. Үнэхээр улс төрийн, сонгуулийн зорилгоор тодорхой хүнд чиглэсэн бодлогыг эрчимтэй явуулж эхэлсэн. Тийм учраас МАН засгаас гарсан.
 
Ард иргэд үүнийг гайхаад байгаа. МАН-ынхан яасан хурдан засгаас гарчихав гээд. Гэтэл бид  засагт орохдоо нэлээд гэгээлэг бодолтой байв. Улс орны байдал хүндрэлтэй байхад  намынхаа эрх ашгийг хойшлуулж, улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьсан. Хэчнээн нам дотроо саналын зөрүү, зөрчилдөөнтэй байсан ч гэлээ энэ удаад намынхаа эрх ашгийг хойш тавих ёстой гэж үзээд л засагт орсон.
 
Харин засгаас гарахад хамгийн том  түлхэц болсон зүйл нь АН-ынхан хамтрахыг хуйвалдаан гээд  ойлгочихсон байсан л даа. Хэрвээ МАН-тай хамтарвал  буруу, зөв аль ч байсан дуугүй өнгөрөх ёстой  гэж сэтгэсэн байв. “Та нар аливаа асуудлыг шүүмжилж болохгүй” гэж шаардсан. АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн хооронд болж байгаа бохир үйлдлүүдийг далдлахыг шахсан.
 
Харамсалтай  нь  бид тэдний хүссэнээр байж чадахгүй учраас сайд нараа аваад засгаас гарах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Харин үүний дараагаар доторхи нөхцөл байдлыг олон нийтэд  илчлэх, шударга ёсныхоо шугаман дээр зогсох нь зүйтэй юм байна гэдэг зарчмыг л барьсан.
 
Ер нь нэг буруу жишиг тогтож байгаа нь засгийн эрхийг ямар нэгэн  аргаар авсныхаа дараа татвар төлөгчдийн мөнгө, улсын сан хөрөнгийг янз бүрийн арга замаар хувьдаа болон хувийнхаа компаниудаар дамжуулан үрэн таран хийдэг, тэрийг нь  шалгаад, яриад эхлэхээр тэр хүмүүстээ  зориулаад улс төрийн тохирооны хүрээнд Эрүүгийн болон Эдийн засгийн өршөөлийн хууль гаргадаг. Ингээд авлига авсан албан тушаалтнуудаа Өршөөлийн хуулиар хаацайлчихдаг жишиг тогтвол Монголын төр оршин байх эсэх асуудал ярих хүртэл хэмжээнд очиж байгаа юм. 
 
-Та Өршөөлийн хуулийг баталсан нь буру гэдэг агуулгаар ярьж байна уу?
 
-Өршөөлийн хууль уг нь гарах ёстой байв. Ингэхдээ илүү жирийн иргэдэд чиглэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, алдаж  эндсэн хүмүүсээ энэ хуульд хамруулах ёстой. Тухайлбал, хүүхэдтэй эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхэд, анх удаа алдаж эндээд гэмт хэрэгт холбогдсон залуучууд гээд энгийн иргэдэд энэ хууль чиглэх учиртай. Гэтэл харамсалтай нь ингэхгүйгээр албан тушаалтан, дандаа цагаан захтнуудыг хамгаалсан хуулийн орчныг бий болгох гэж улайран зүтгэж байгаа нь АН-ын бодит үнэн дүр төрх юм даа. 
 
-АН, МАН-тай хамтрахыг хуйвалдаан гэж ойлгосон учраас салсан байх нь. Тэгэхээр  одоо АН-д “Шударга ёс” эвсэлтэй хамтараас өөр гарц үлдээгүй. Гэтэл хамтарч амжаагүй  байхдаа хоёр ч хуулийг тохиролцоод баталчихлаа. Цаашдаа энэ мэтээр хамтрахыг хуйвалдаан гэж сэтгээд явах юм биш биз дээ?
 
-Үндсэндээ цэвэр сонгуулийн, эрх мэдлээ хадгалах гэсэн, нэг хэсэг хүмүүсээ ял зувчуулж аврах гэсэн, МАН-ын хүчийг  сулруулах гэсэн үйлдэл л энэ зунжин явлаа. Нэг ёсны АН-ын удирдлагын зүгээс гаралтай, Н.Энхбаяр тэргүүтэн, МАХН-аар 2016 онд МАН-ын саналыг хуваалгах, үүний тулд “Шударга ёс” эвслийн тавьж  байгаа бүх болзлыг үг дуугүй биелүүлэх, үүний төлөө АН-ын удирдлагад байгаа цөөн хүн барьцаад тавьчихлаа.
 
Энэ бол нийт АН-ынхны үйлдэл биш. Ерөөсөө л өнөөдөр АН-ын толгойд байгаа хэдэн хүнийх нь хийж байгаа ажил. Угтаа АН-ын жирийн гишүүд удирдлагуудынхаа энэ үйлдлийг эсэргүүцэж байгаа нь ойлгомжтой. Тэр бүү хэл, парламент дотор хүртэл намынхаа удирдлагын явуулж байгаа энэ үйлдэлд шүүмжлэлтэй хандаж байгаа хүн бий.
 
Тэгэхээр төрийн толгойд АН-ын нэрээр гарчихсан цөөн хүн эдийн засаг, улс төрийн бүлэглэл бий болгоод, энэ эрх мэдэл, байгаа байр сууриа хадгалахын тулд АН-ыг “Шударга ёс” эвслийн аманд аваачиж өглөө л гэж харж байна. Ингэхийн тулд эвслээс тавьж байгаа бүх болзлыг үг дуугүй биелүүлэх үүрэгтэй ажиллаж байна шүү дээ. Өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг үүний тулд л баталж  өглөө.
 
Цаашлаад  үүний тулд л МАН-ыг засгаас хөөж гаргасан. Ерөөсөө л цаанаас тавьж байгаа бүх болзлыг биелүүлэхийн тулд төрийн болон хүний эрхийг уландаа гишгэж байгаа үйлдлийг гаргаж байна. Энэ бол ирэх онд болох сонгуульд чиглэсэн ажиллагаа. Бүгдийг фрондтод гэдэг шиг бүгдийг сонгуульд чиглүүлээд л хуулийг уландаа гишгэлээ. Цаашлаад улс төрийн намуудад тогтож байсан соёлыг уландаа гишгэж байна. 
 
-АН, “Шударга ёс” эвслийнхэн зургаан сайдын суудлаа хуваарилж авах, үүнийхээ дараагаар сайд нарынхаа нэрийг тодруулах гэж нэлээн л юм болж байх шиг байна. Тухайлбал,  “Эдийн засгийн алуурчин”-аар нэрлэгдэж байсан Н.Батбаяр гэдэг юм уу эсвлээс З.Баянсэлэнгэ гишүүнийг гэх мэт сайдад яриад эхэлсэн байна. Олон нийт бол эдгээр хүнийг ихээхэн шүүмжлэлтэй хүлээж авахаас гадна сайдын суудал хэтэрхий үнэгүйдчихлээ гэж шүүмжлээд байна.  Ер нь  шинээр оруулж ирсэн сайд нарыг танай намын бүлэг хэрхэн хүлээж авах юм бэ. Яамдын ажлыг цаг алдалгүй явуулах үүднээс  шууд дэмжих юм уу, эсвэл хувь хүн тус бүр дээр асуудал ярих уу?
 
-МАН-ын бүлэг хуралдаагүй учраас энэ талаар бүлгийн нэрийн өмнөөс хариулах боломжгүй.  Ер нь МАН бол засаг тогтвортой байгаасай, төрийн бодлогын залгамж чанар хангагддаг, төрийн албан хаагчид тогтвортой ажиллаасай гэдэг байр суурийг баримталж ирсэн. Одоо ч хэвээрээ. Тийм учраас үүрэг гүйцэтгэгч Засгийн газар байгаад байх нь Монголын нэр хүндийг ч, төрийн дархлааг ч сулруулж байгаа үзэгдэл.
 
Энэ үүднээс хурдхан шиг  шинэ сайд нараа томилоод Засгийн газар элэг бүтэн болоод намар өвлийнхөө их ажлын бэлтгэлийг хангах  шаардлагатай байна. Хадлан тариагаа авах, тариа ногоогоо хураах их ажилдаа ормоор байна. Харамсалтай нь өнгөрсөн 2012 оноос хойш ер нь парламентын үйл ажиллагааны дийлэнх нь, ялангуяа ид ажлын цагаар дандаа сандал, ширээ ярьдаг болчихлоо.
 
Өнгөрсөн намрын өдийд л гэхэд АН-ынхан Н.Алтанхуягийнхаа Засгийн газрыг огцруулах уу үгүй юү, хэн намын  дарга, Ерөнхий сайд байх вэ гэсээр байгаад л дүн өвлийн хүйтэнтэй  залгасан. Гэтэл энэ жил бас л  ийм хэрүүлтэй  байсаар халуун зуныг дуусч байна шүү дээ.
 
Намрын их ажлын цаг эхэлж байхад бүх зүйл нь тодорхойгүй байх жишээтэй. Тиймээс засгийг хурдан бүрдүүлэхэд  дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй гэсэн хувь бодолтой байгаа. Харин хэнээр ямар яамаа удирдуулах вэ гэдэг нь тухайн улс төрийн намын эрх мэдлийн асуудал. Цаашлаад яривал Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал.
 
-Гэхдээ одоогийн нөхцөл байдлаас харахад Ерөнхий сайд энэ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байх шиг байна л даа. Тэр бүү хэл, Засгийн газрын тэргүүн энэ цаг үед бэлгэдэл  төдий болчихлоо гэх шүүмжлэл гараад байна шүү дээ?
 
-Харамсалтай нь энэ зунжин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар заасан бүрэн эрхэд АН-ын удирдлагууд, УИХ-ын зүгээс хэтэрхий бүдүүлгээр халдаж байна. Энэ бол институт хоорондын зөрчилдөөн үүсгэх, цаашилбал Монгол Улсын Үндсэн хуулийн хэмжээний хямралт байдал руу аваачих нөхцөл рүү түлхэж байгаа юм.
 
Тийм учраас АН, “Шударга ёс” эвслийнхэн хурдан учраа олж, ажиллаасай. Гэхдээ Монгол төрийн сайд гэдэг бол хүндлэл талаасаа ч хариуцлага талаасаа ч ихээхэн өндөр босготой байх ёстой гэж боддог. Гэтэл  сүүлийн үед сайдын энэ өндөр босгыг  давж чадахааргүй,  салбараа мэдэхгүй, төрийн ажлын зах зухыг ойлгохгүй, төрийн хүнд байх ёстой ёс жудаг, ёс суртахуунгүй хүмүүс сайд болно гэж давхиад, сайд болоод байгаа нь Монголыг, Монголын төрийг муухай харагдуулж байна.
 
Энэ утгаараа бид сайд томилдог босгыг өндөр байлгах учиртай. Харамсалтай нь ерөөсөө УИХ-ын гишүүн бүр нь дөрвөн жилийнхээ хугацаанд багтаж, бүгд сайдын сэтэр зүүх, гурав  дахь ээлж нь хурдан  хоолонд орох гэсэн хандлага АН-аас дахиад илэрч байна. Энэ бол АН-ын хууч өвчин. Нэг ёсны өвчин нь сэдэрч байна.
 
1996-2000 онд тухайн үед АН-аас парламентад сонгогдсон бүх гишүүн нь дөрвөн удаа Засгийн газраа огцруулж байгаад бүгдээрээ ээлжлээд хоолонд орж, сайд болцгоосон юм. Энэ хууч өвчин нь яг энэ үед сэдрээд 2012-2016 оны парламентад гишүүн  байсан хүн бүр нь сайд гэдэг сэтрийг намтартаа бичүүлэхийн төлөө Монголын төрөөр, ард түмнээр тоглож байна. 
 
-Тэгэхээр Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд бүрэн эрх мэдэлтэй ажиллахын тулд яах ёстой юм бэ?
 
-Ерөнхий сайдын бүрэн эрхийн тухайд  ялсан намын дарга нь Ерөнхий сайдынхаа ажлыг хавсран гүйцэтгэдэг ерөнхий, олон улсын жишиг бий. Парламентын тогтолцоотой орнуудын хувьд энэ бол зөв жишиг. Ерөнхий  сайд нь гүйцэтгэх эрх мэдлээ авч байгаагийн хувьд намын даргынхаа ажлыг хавсраад явах нь  зөв гэж үздэг.
 
Харамсалтай нь АН парламентын даргадаа энэ суудлаа өгснөөс болоод зөрчил үүсч байгаа юм. Парламентын дарга нь танхим дахь нэг улс төрийн намынхаа дарга байх нь парламентынхаа үйл ажиллагааг харлуулах,  парламентын ёс зүй, үндсэн зарчмыг алдагдуулж байна. Парламент бол анх үүссэн цагаасаа эхлүүлээд зөвшилцлийн зарчмыг барьж явдаг.
 
Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудын ширээ тойроод суудаг, гудамжинд гарахгүйгээр улс орныхоо хувь заяаг хэлэлцдэг тогтолцоог  парламент гэж байгаа юм. Тийм учраас олон оронд парламентын дарга нь намын дарга байх нь бүү хэл, парламентын дарга болсон хүн улс төрийн намынхаа харьяаллаас татгалздаг.
 
Гэтэл манайх парламентынхаа даргаар нэг намынхаа даргыг томилчихсон учраас тухайн улс төрийн намын дотоодод өрнөж байгаа үйл явц нь парламентын төвшинд оч үсэргэж, улс төрийг улам халуун болгох, зөрчилдөөн, хагарал бий болгох үүд хаалгыг нээчихэж байгаа юм. Хэрвээ АН-ынхаа даргаар З.Энхболд нь болох гээд байгаа бол тэр хүн нь Ерөнхий сайд л байна биз дээ. З.Энхболдыг спикерийн суудалд наачихсан биш.
 
Энэ утгаараа өмнөх Ерөнхий сайдуудаас  ялгаатай нь намын дарга биш Ерөнхий сайд байх нь хүч муутай байна. Одоогийн нөхцөлд АН төрийн дээр гараад сандайлчихсан байгаа шүү дээ. Намынх нь Гүйцэтгэх зөвлөл хуралдаад Засгийн газрын асуудлыг хөнддөг, намынх нь дарга хэдэн хүн хуралдуулаад л хэнийг сайд тавихаа шийддэг, Ерөнхий сайдын эрх мэдэл ч гэж байхгүй, парламентын эрх ч, бүлгийн эрх мэдэл ч гэж байхгүй.
 
Бүх зүйлд нам нь оролцдог буру хандлага байна шүү дээ.  Монголчууд ярьдаг. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэж. Тиймээс ийм буруу жишиг, хандлага  АН-ыг ард түмэнд муухай харагдуулж байна. Гэхдээ нөгөө талдаа АН олныг бүрдүүлснээр үнэн нүүр царайгаа олон түмэнд ил болгох боломж нээгдсэн явдалд баяртай байгаа.  
 
Сөрөг хүчин байхад тэр нам дотроо бужигнаж, хэрүүл хийж байгаа, фракциудынх нь зодолдоон, дарга цэргүүдийнх нь хувь амбийц мэдэгддгүй юм. Харин олон суудалтай болоод төрийн эрх бариад, тэргүүн эгнээнд гараад ирэхээр хүн бүрийн нүдэн дээр ил болдог. Өөрөөр хэлбэл, АН гэдэг улс төрийн хүчин ямархуу төлөвшилтэй, ямар байгууллага юм, ер нь АН гэж хэн юм бэ гэдэг нь тодорхой болдог. Одоо улс төрд өрнөж байгаа бүх үйл явцаас АН гэж ямар нам бэ гэдгийг бүрэн дүүрэн харж болохоор байна шүү дээ. 
 
-Эрх баригчдын  үйл ажиллагаа ерөнхийдөө сандал ширээ, томилгоо, сонгууль руу чиглэчихлээ. Гэтэл үүний цаана эдийн засаг юу болж байна вэ?
 
-Эдийн засаг амаргүй байна. Цаашдаа ч гэрэл гэгээ харагдахгүй байна. Сая бид хамтарсан засаг байгуулаад эдийн засагт чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ хийх гэж оролдсон. Эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг баталсан.
 
Одоо энэ төлөвлөгөөний биелэлтийг гаргаж үзэх ёстой. Ялангуяа төсвийг нэг болгох, хяналтад оруулах, гаднаас авсан  болон дотоодын өрийн хэмжээнд зөв менежмент хийх, томоохон орд газруудынхаа гацаа түгжээг тайлж, зөв яриа хэлцлийг үргэлжлүүлэх, Монгол Улсад ашигтайгаар гэрээг өөрчлөх, шинээр экспортод чиглэсэн бизнесийг дэмжих гэх мэт олон ажлыг  сүүлийн хэдэн жил хийсэн. Гэтэл  харамсалтай нь энэ бүгдэд бодлогын томоохон алдаануудыг гаргаснаас болоод хямрал бидэнд нэлээд хор хохиролтойгоор  тусч байна.
 
Айл бүрт хямрал мэдрэгдэж байгаа. Хөдөө орон нутагт гэхэд ноолуурын үнэ маш хямд болсон, одоо мал, махны үнэ буурч байна. Хөдөөгийнхний  мөнгө болгодог хэдэн мал нь үнэд хүрэхгүй байна. Бизнес эрхэлж байгаа хүмүүс ямар ч борлуулалтгүй, дандаа бараа солилцоо буюу бартераар худалдаа эрхэлж байна.
 
Үндсэндээ бэлэн мөнгөний урсгал байхгүй боллоо. Үүнийг дагаад эдийн засагт ойрын жилүүдэд улам л хүнд  байдал ноёлох нь. Монголчууд уг нь  тэнгэр заяатай, буянтай ард түмэн. Харамсалтай нь шаргал ордонд байгаа цөөн хэдэн хүний буруутай бодлого, тэдний хоорондын толхилцооноос болоод Монголчуудын хувь заяа жаахан сэргэж ирээд л эргээд уначихаад байна. 
 
-Манай улс өрийн дефолт зарлахад ойрхон байна гэдгийг эдийн засагчид хэлж байна. Гэтэл эрх баригчид эдийн засаг руу анхаарал хандуулах сөхөөгүй байх шиг байна. Цаашдаа засаг бүрдээд эдийн засагт анхаарал хандууллаа гэж бодоход ойрын хугацаанд сэргэлт гарах магадлал байгаа болов уу?
 
-Эрх баригчид энэ зун үнэхээр эдийн  засагт анхаарал хандуулсангүй. Сандал, ширээгээ ярьж хэн нь дарга, хэн нь сайдын суудалд очих вэ гэдэг яриатайгаар зуныг өнгөрөөж байна. Харамсалтай, маш их хугацаа алдчихлаа. Эдийн  засгийн урьдчилсан үзүүлэлт, таамаг сайнгүй, дандаа сөрөг үзүүлэлттэй гарч байгаа. Миний хувьд өмнө нь Монгол Улс жилийн эцэст дампуурлаа  зарлах вий гэдэг эмзэглэлээ хэвлэлээр мэдэгдэж байсан. Гэтэл түүнээс хойш юу ч өөрчлөгдсөнгүй, нөхцөл бай­­дал улам муудчихлаа. Цааш­даа ч эдийн засагт сэргэлт гарах хандлага ажиглагдахгүй.
 
М.Алтанцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин