sonin.mn
КАИР. /TASS/. Шуурхай хариу арга хэмжээ авах Араб хоорондын нэгдсэн хүчин байгуулах тухай протоколд пүрэв гарагт буюу наймдугаар сарын 27-нд гарын үсэг зурна.
 
Дээрх баримт бичгийг Египеийн нийслэл Каир хотод болох Арабын улсуудын холбооны /АУХ/ гишүүн орнуудын Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нарын тусгай чуулга уулзалтын үеэр батлах ёстой гэж "Аль-Ахрам" сонины цахим хуудсанд мэдээлжээ.
 
Нэгдсэн Зэвсэгт хүчин /ЗХ/ байгуулах тухай тохиролцоонд энэ оны гуравдугаар сарын сүүлээр Египетийн Шарм-эш-Шейх хотод болсон АУХ-ны 26 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн байна.
 
Бүс нутгийн нэгдсэн ЗХ-ний гол зорилго нь зайлшгүй тохиолдолд, мөн Арабын орнуудын тогтвортой байдал болоод аюулгүй байдалд, тусгаар тогтнолд эсвэл үндэсний аюулгүй байдалд аюул учирсан тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах юм.
 
Бахрейн, Египет, Иордан, Кувейт, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Саудын Арави гэсэн зургаан улс ийм хүчин байгуулахад оролцоход бэлэн байгаагаа мэдэгджээ. Бүс нутагтаа хамгийн хүчирхэг армитайд тооцогддог Египет улс 40 мянган цэргийн бүрэлдэхүүнтэй байх ирээдүйн цэргийн эвслийн гол хүч нь болно.
 
Уг эвслийн командлал Каир эсвэл Эр-Рияд хотод байрлаж магадгүй бол эвсэлд нэгдсэн орнуудын цэргийн анги нэгтгэлүүд төв штабт нэгдсэн цугларалт зарлах хүртэл эх орондоо байрлаж болох аж.  Одоогийн байдлаар эвсэлд нэгдэх шийдвэр гаргаагүй байгаа орнууд сүүлд шийдвэр гаргах боломжтой байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг