sonin.mn
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд  зориулсан эрдэм шинжилгээний хурлын талаар БХЯ-ны дэргэдэх Цэргийн түүхийн төв, МСНЭ, МҮИС-ийн эрдэмтэн профессорууд, ОХУ-ын Алтайн БНУ-ын сэтгүүлчдийн эвлэл, тус улсын Худалдаа аж үйлдвэрлэлийн тэнхимийн төлөөлөгчид өндөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
 
Чөлөөлөх дайнд Монгол-Орос цэргийн ялалтын сэдвийн тухай Олон улсын эрдэм шинжилгээ-практикийн бага хурлын 3 дахь шат нь маргааш МУИС-ийн дугуй танхимд болно.
 
МУИС-ийн дэргэдэх Монгол судлалын төвийн эрхлэгч Д. Мөнхбат “Эдгээр цуврал арга хэмжээнүүдийн гол зорилго 1945 онд Дэлхийн хоёрдугаар дайныг Ялалтаар өндөрлүүлэх үйл явцын үнэ цэнэ, ач холбогдлыг залуу хойч үедээ бодитоор ойлгуулах, түүний түүхэн ач холбогдлыг ухааруулах явдал юм. Энэ дайнаас Монгол Улс юу хожсон бэ гэвэл тусгаар тогтнолоо баталгаажуулж авсан юм” гэлээ.
 
Мөн энэ үеэр ОХУ-ын Алтайн БНУ-ын гавьяат сэтгүүлч, сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч, “Вестник Горно-Алтайские” сонины эрхлэгч А.С.Ивашкин, "Бид энэхүү үйл явдалд зориулж “Монголын халуун наран дор” нэртэй хоёр хэсгээс бүрдсэн түүхэн тэмдэглэлийн ном хэвлүүлсэн" хэмээн дуулгав.
 
Мөн 1966 онд Алтайн БНУ-ын нутаг Маэнжерок тосгонд болсон Зөвлөлт-Монголын Залуучуудын анхны их наадмын 50 жилийн ойд зориулан “Оюутан залуучуудын чуулга уулзалт”-ыг 2016 оны 6 дугаар сард Маэнжерок хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ. Холбогдох зардлыг ОХУ-ын Алтайн мужийн засаг захиргаа хариуцах юм байна.
 
Цуврал эрдэм шинжилгээний хурлын эхнийх нь өнгөрсөн жил “Халх голын дайны ялалтын ой”-д зориулагдсан бол хоёр дахь нь 5 дугаар сарын 7, 8 -нд Горно-Алтайск хотноо “Агуу эх орны дайны ялалт”-ын сэдвээр болж байв.
 
Э.Энхсайхан
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг