sonin.mn
...Монголын улстөрчид бүр улайрчихжээ. Яаж ч хичээгээд би лав тэднийг ойлгож дэмжихээ болилоо. "Ойлгож" зөвтгөх гэж хичээх бүрд тэдний мунхаглал улам даамжирч, биднийг "тэнэг" гэж илт басамжилсан үйлдлүүд гаарсаар байна.
 
Хүндэлж дэмжиж байсан улстөрчид хүртэл огтоос "танигдахгүй" болж, итгэж найдаж байсан найдвар минь өдөр хоногоор бүдгэрсээр. Эерэг хандлагаар хандах гэвч, сэтгэлд нэг л " хүйт даасан" жаврыг тэд үг хэлээрээ ч , үйлдлээрээ ч хургаасаар байна. Ардчиллаар олж авсан "үнэт зүйл" болох бичих, үг хэлэх үйлдлийг ч тэд
 
хязгаарлаж хянах гэнэ. Үгүй дээ, улстөрчид өө. Улстөрөөр "тоглодог" шигээ бидний сэтгэл оюун, итгэл найдвар, мөн чанараар минь тоглож чадахгүй ээ. Та нарыг "жижигсгээд" ажих юм бол, живж буй хөлөг онгоцноос дайжин зугатах хархнууд мэт. Та нар үнэхээр арчаагүй байна даа, харамсмаар...
 
ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ
 
Сонгуульд ард олны саналыг худалдаж авахад зарцуулсан асар их мөнгөө улстөрийн шийдвэр гаргах эрх мэдэлд хүрснээ ашиглан, хэд дахин "нугалж" арвижуулдаг жишиг МАХН, МАН, АН-д аль хэдийн тогтсон. Энэ бол Монголын улстөрийг "бизнес" болгон хувиргасан жишээ, авилгалын улстөржсөн сүлжээ.
 
Тэд эрх мэдлээ ашиглан "тусламжийн", "тендерийн" маш их мөнгүүдийг луйвардаж завшицгаав. "Зөвшөөрөл"-ийн асар олон бичгүүдийг бусдад худалдан, мөнгийг нь хувьдаа ашиглалаа. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг эрх мэдлээ ашиглан дарамталж, олон олон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд "хувь эзэмшицгээв". Тэр ч бүү хэл улстөрийн албан тушаалуудыг мөнгөөр худалдаж, "арилжааны жишиг" тогтоолоо. Тэд шуналдаа улайрч, юунаас ч айж ичихээ больжээ. Бид арчаагүй, зусар байх тусам тэд улам ихээр улайрч байгаа.
 
Энэ шунасан улайрлын балаг нь, худалдагдаж хашигдсан газар нутаг, сүйдэж нүхлэгдсэн байгаль орчин, амьдрал дахь баян хоосны ялгаа, авилгалд торлогдсон төрийн алба, баярхаж онгирсон залуус, бухимдаж үзэн ядсан иргэд. Сүүлийн 20 гаруй жилд улстөрд "дархлагдсан" олон эрхмүүд асар ихээр баяжсан.
 
Тэд хулгайлж завшсан энэ их хөрөнгөө "дарах гэвч дардайж, булах гэвч бултайх" болсноор "Өршөөлийн хууль" гэгчийг санаачиллаа. Алдаж эндсэн, ухаарч гэмшсэн эгэл жирийн олон хүмүүсийг өршөөхдөө тэд, өөрсдийн "хулгайгаа хуулиар баталгаажуулах"ыг л хамгийн ихээр хүссэн. Олон нийтийн хүсэл дээр өөрсдийн ашиг сонирхлоо" шургуулдаг" болсон тэдний арга мэх. Энэ хуулийг Н.Энхбаярт зориулж гаргасан гэдгийг "үгүйсгэж" байвч, энэ хуулиас үүдэлтэй улстөр дэх өрнөл нь үүний нотолгоо. Тэнэг хүн ч ойлгохоор, харин тэд өөрсдөө тэнэглэсээр. Хулгайлж амташсан хүн, арга нь нарийсахаас бус засарна гэж үү?
 
Улстөрийн эрх мэдлийг буруугаар ашиглан ард олны эрх ашгаас "урван", хууль бус арга залиар баяжсан эрхмүүд хэзээ ч өршөөгдөхгүй ээ. Хэзээ нэгэн цагт цээрлүүлэгдэн, бүх хөрөнгөө хураалгах л болно. Харин бид тэднийг илрүүлэн нотолж, бусад гэмт үйлдлүүдээс ялгаж салгах ёстой.
 
Халаасны хулгай нэгэн хүнийг хохироодог бол улстөрийн хулгай нийт иргэдийн эрх ашгийг хохироож, тэдний итгэл найдварыг үгүй болгон тэднийг буруу муу үйлдэл рүү хөтөлдөг. Тэнгэр газар шиг ялгаатай юм шүү дээ. Бид өөрсдөө мэдсээр атлаа мэдээгүй царайлж, харсаар атлаа хараагүй дүр үзүүлэх аваас тэд улам амтшин даврах болно.
 
Тэд өөрсдийн үр хүүхдээ улстөрд "нутагшуулан", өөрсдийн хулгай луйвраа хуулиар хамгаалуулан үе дамжуулан биднийг захирахыг хүсч байна. Бид өөрсдөө тэвчдэг юмаа гэхэд бидний үр хүүхэд ач зээ нар минь тэдний "боол" болохыг би лав хүсэхгүй. Тийм болохоор би тэднийг өршөөхийг эсэргүүцэж байгаа юм. 
 
ТОМИЛОГДООГҮЙ САЙД НАР
 
Улстөрчид ЭРХ МЭДЛЭЭСЭЭ гадна ХАРИУЦЛАГА хүлээдэг. "Хэнд эрх мэдэл буй, түүнд хилэнц буй" гэдэг хэлц эрх мэдлээс илүүтэй хариуцлагын тухай сануулж буй хэрэг. Монголын улстөрд эрх мэдэлд дуртай хэрнээ хариуцлага хүлээдэггүй тогтолцоог МАХН, МАН, АН  бий болгожээ.
 
Сүүлийн 20 жилд эрх мэдлээ буруугаар ашигласны төлөө, буруу шийдвэр гаргаж олон нийтийг хохироосны төлөө, үүрэгт ажлаа маш муу гүйцэтгэсний төлөө ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭВ? Хэн ч хариуцлага хүлээгээгүй. Нэг салбрын ажлыг "унагаасан" улстөрч нөгөө салбарт сайдаар томилогддог эрүүл бус томилгоог Монголын улстөрөөс харж болно. Үүрэгт ажлаа муу хийсний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй учраас улстөрчид САЙД болохыг хүсээд байгаа юм.
 
Тэдний толгойд "сайд" бол маш амархан ажил" гэдэг ойлголт бий болжээ. Тэд сайдын албан тушаалыг "хариуцлага" гэхээсээ "бялуу хуваалт" гэж ойлгоцгоодог болсон. 
 
"Улстөрийн бялуу" гэдэг хэллэгт бид аль хэдийн дасчээ. Сайдын албан тушаал бол улстөрийн намуудын зүгээс намын "идэвхтэй" гишүүддээ хүртээж байгаа "бялуу". Түүнээс бус салбрын хөгжил, салбрын бодлого хэтийн төлөв, олон улсын жишигт нийцсэн хөгжлийн талаар тэд огт бодохгүй байгаа. "Энэ ноён бидэнд яаж хандана, бид тэгж л хариу барина" гэдэг зарчим нь сайдыг томилж байгаа улстөрийн намуудын удирдлагуудын зарчим. Сайдаар томилогдож байгаа улстөрч үндсэн ажлынхаа ихэнх цагийг бусад улстөрчдийнхээ "арга эвийг олоход" зарцуулдаг тухай би сонсож байсан.
 
Салбрын сайд, орлогч сайдын албан тушаалуудад "мэргэжлийн" чадвар шаардлагагүй, энэ бол улстөрийн албан тушаал хэмээн тэд тайлбарлацгаана. Салбрын хөгжил чухал уу? сайдын албан тушаал чухал уу? гэдгийг тэд өөрсдөө ч ялгаж чадахаа больсон. "Бялуу хүртэх" гэдэг нь, намуудын хувьд амттай хоолонд  дугаарлахаас нэг их ялгаагүй бололтой. 
 
Хамтарч төр барьж байгаа намуудын хувьд салбрын яамдуудыг хэрхэн хуваах нь "талцал хэрүүлийн талбар". Энд улс орны эрх ашиг огт хамаагүй, харин намуудын эрх ашиг л голлож байдаг. "Өршөөлийн хууль" д Ерөнхийлэгч хориг тавьснаас шалтгаантай МАХН-ын, нам доторхи фракцуудынхаа ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй АН-ын "бялууны төлөө" х тэмцэл 6 салбрын яамдыг сайдгүй болгож нилээд хугацааг өнгөрөөх бололтой.
 
Монгол орны эрх ашиг, хөгжлийн асуудал хаана байна вэ? улстөрчид өө. Та нарын энэ заваан жишиг, жүжиг олон нийтийг үнэхээр залхааж байна даа. "1-р ээлжийн", "2-р ээлжийн", "3-р ээлжийн" улстөрийн бялуу горьдогсдоор Монголын хөгжлийг та нар үнэхээр гацааж байна. Ядаж байхад мэдлэг боловсролгүй, сэтгэлгүй, зусардагчдаар дүүрэн сонголт. Монгол орон та нарын хувааж иддэг БЯЛУУ мөн үү? 
 
...Тийм ээ! Монголын улстөрчид та нар биднийг "тэнэг" гэж бодох болжээ. Та нарыг даган баясаж, зусардан магтаж, хөөргөн дэвэргэж байгаа олон хүмүүсээс илүү олон хүмүүс та нарын тэнэг үйлдлүүдийг эрүүл саруул ухаанаар харж дүгнэж байгаа.  
 
Улстөрийн намууд удирдах зөвлөлөө Монголын төрийн дээд талд нь өргөж, цөөн хүмүүсийн шунаг сувдаг эрх ашигт үйлчилж, эгэл жирийн олон хүмүүсийг эрх мэдлээрээ айлган сүрдүүлж Монгол орны эрх ашиг, хөгжил дэвшлийг саатуулж байгаагийн төлөө хэзээ нэгэн цагт хариуцлага хүлээлгэх л болно.
 
Та нарыг сонгож, та нарыг хүлээн зөвшөөрч,  та нараас айж зусардаж байгаа бид "тэнэг" юм шиг байгаа боловч, нэгэн цагт эрүүл сонголт, саруул ухаан ялан дийлж "тэнэг" та нарыг гэсгээх болно. ЭРҮҮЛ, САРУУЛ УХААН ХЭЗЭЭД ЯЛЖ БАЙДАГ.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
 2015-08-26