sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/.  Хоёр талын хамтын ажиллагааны механизмыг ашиглан хоёр орны харилцааг хэвийн болгох асуудлаарх Америк-Кубын хэлэлцээний шинэ шат Гавана хотод есдүгээр сарын 9, 10-нд болно. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч лхагва гарагт мэдээлжээ.
 
“Бидний ярьж байсан эхний уулзалтыг есдүгээр сарын 9, 10-нд Гавана хотод зохион байгуулахаар товлосон” гэж Америкийн гадаад бодлогын байгууллагын ажилтан хэлсэн боловч хэлэлцээг ямар түвшинд хийхийг дурдаагүй байна.
 
Хоёр талын хамтын ажиллагааны үр ашигтай байдлыг дээшлүүлэх механизмыг бий болгож байгаа тухай Кубын нийслэл Гавана хотод наймдугаар сарын 14-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес нарын уулзалтын дараа мэдэгдсэн юм. Жон Керри Гавана хот дахь Америкийн Элчин сайдын яаманд тус улсын төрийн далбаа мандуулах ёслолд оролцсон билээ.
 
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Жон Кирбигийн мэдээлснээр, есдүгээр сард товлосон уулзалтын үеэр ямар асуудлууд хэлэлцэхийг одоогоор тогтоогүй байгаа аж.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"  агентлаг