sonin.mn
Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явж буй НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хээрийн цэргийн II дугаар шатны эмнэлгийн VII ээлжийн бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин туганд хүндэтгэл үзүүлэв.
 
ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай ёслолын арга хэмжээг нээж  үг хэлэхдээ "Өнгөрсөн хугацаанд Монгол цэргүүд улам туршлагажиж, дэлхийд нэр алдраа дархалж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг тодхон харж болохоор байна. Цаг агаарын эрс тэс нөхцөл, тогтворгүй цагийн байдалд  удаан хугацаагаар үүрэг гүйцэтгэнэ гэдэг хэн бүхний хийж чадах хялбар ажил биш. Манай энхийг сахиулагч эмч, мэргэжилтнүүд цэргийн алба хаагчид болон нутгийн иргэдэд байлдааны болон гамшгийн үеийн эмнэлгийн тусламж, төрөлжсөн нарийн мэргэжлийн шаталсан тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж, төр засаг, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагаас даалгасан үүргийг нэр төртэй биелүүлж байна" гэв.
 
Энэ удаагийн цэргийн багийн захирагчаар  дэд хурандаа Г.Тунгаамаа ажиллана. Энэ нь эмэгтэй албан хаагч Монгол Улсын цэргийн багийн захирагчаар ажиллаж байгаа анхны тохиолдол аж. Түүнд БХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр төр засаг, алд цагаан хадаг, мөнгөн аяганы хамт дурсгал болголоо.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: "Монцамэ"
Гэрэл зургийг Т.Чимгээ