sonin.mn
БСШУ-ны сайд Д.Гантөмөр өнөөдөр “Сайдын цаг” уулзалтад оролцлоо. Тэрбээр хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан яамны зүгээс хэрэгжүүлж буй бодлого болон их, дээд сургуулийн төлбөр, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаар мэдээлэл хийв.
 
Хүүхдүүдийн 84.8 хувь нь цэцэрлэгт хамарна
 
Тэрбээр мэдээлэлдээ “Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 250 мянга орчим хүүхэд байна. Үүнээс 218 мянга 100 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамарна гэсэн тооцоо гарсан. Энэ бол цэцэрлэгийн насны хүүхдийн 84.8 хувь юм. Хоёр жилийн өмнө 220 мянган хүүхэд байсан бол энэ жил 250 мянга болж өссөн. Цэцэрлэг, сургуулийн барилга барих хугацаа нь хүүхэд төрөх, сургуульд элсэх хурдаас удаан байна гэсэн статистик бий. Төрөлт бол буурахгүй. Жилд 80 мянган хүүхэд төрдөг байсан бол цаашдаа 100 мянга давах төлөвтэй байна.
 
Тиймээс энэ хичээлийн жилээс хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх болж, 2015 оны төсвийн тодотголд тодорхой хэмжээний санхүүжилт суулгахаар ажиллаж байна. Ингэж чадвал цэцэрлэгт орж чадалгүй үлдсэн хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломж бүрдэх юм. Он гараад 2016 оны төсөвт хүүхэд харах үйлчилгээнд зарцуулах хөрөнгийг суулгана. Ингэснээр цэцэрлэгийн насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж бүрдэх юм.
 
2015-2016 оны хичээлийн жилд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх цэцэрлэгт “Сургуулийн өмнөх боловролын цөм хөтөлбөр” нэвтрүүлж байгаа. Өнгөрсөн жил 21 аймаг, 9 дүүрэгт “Цөм” хөтөлбөр хэрэгжүүлж, туршсан. Үүнтэй холбоотой 7000 багшид “Цөм” хөтөлбөрийн талаар сургалт явуулсан. Энэ хөтөлбөр нь хүүхдийн сонирхолд тулгуурлан хөгжүүлэх юм. Ингэснээр хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх, бие даах чадвараа хөгжүүлэх боломж бүрдэх юм” гэлээ.
 
64 мянга 364 хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ
 
Л.Гантөмөр сайд үргэлжлүүлэн бага боловсролын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2015-2016 оны хичээлийн жилд Үндэсний хэмжээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх “Бага боловсролын цөм хөтөлбөр” хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрийг өнгөрсөн онд хэд хэдэн сургуульд туршиж, бүрэн шинэчилсэн. Энэ жилээс эхлэн улсын хэмжээнд хэрэгжүүлэх болно. 20 мянга гаруй багшид энэхүү хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт явуулсан. БСШУЯ сургалтын хөтөлбөр бүрийг хүүхдийг бүтээлчээр сурах арга барил эзэмшүүлэхэд чиглэж байгаа. Суралцах арга барил гэдэг нь  бусадтай харилцах, сэтгэн бодох, бие дааж суралцах, бие дааж амьдрах ухаанд сургахыг хэлнэ. Шинжлэх ухаан бол танин мэдэхүйгээс эхэлнэ. Тиймээс хүүхэд аливаа зүйлийг танин мэдэхдээ заавал эцэг эх, багшаар заалгахгүйгээр өөрөө турших, үр дүнг нь баталгаажуулдаг болох хэрэгтэй. Тэгээд үүнийгээ онолын мэдлэгтэйгээ уялдуулах хэрэгтэй.
 
Мөн сургуулиудын менежментэд өөрчлөлт орно. Тухайлбал, олон ангитай цөөн элсэгчтэй сургууль хүүхдүүдээ хөгжүүлэхийн тулд сул байгаа танхимуудаа хэрхэн ашиглах вэ гэдгээ тодорхойлно. Хэт олон хүүхэдтэй, цөөн ангитай сургуулиуд номын сан, музейг ашиглах болно. Үүнтэй холбогдуулан бид номын сан, үзвэрийн газруудыг ерөнхий боловсролын сургалтад ашиглахаар төлөвлөж байна. Байгаль шинжлэлийн ухааны зарим хичээлийг Байгалийн түүхийн музейд, Түүхийн музейд Түүх, нийгмийн ухааны хичээл заадаг цаг гаргахаар ажиллаж байна. Энэ мэтчилэн сургууль бүрийн онцлогоос хамааран сургалтын менежментээ өөрчлөх ажил гарч байгаа юм. Энэ жил 64 мянга 364 хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ.
 
Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд өгдөг хүнсний бүтээгдэхүүнд байнгын хяналт тавина гэж Л.Гантөмөр сайд мэдэгдлээ. Тухайлбал, сургуулийн ойр орчимд сахарын найрлагатай бүтээгдэхүүн зарахыг хориглоно. Энэхүү шийдвэр бүх сургуульд зайлшгүй биелүүлэх ёстой хэмээн салбарын сайд санууллаа.
 
Энэ жил “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрөс эхлээд хүүхдүүдийн авъяасыг нээх хөтөлбөрүүд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Номын хүртээмжийн хувьд энэ жил 74 мянга 450 ширхэг номыг бүх сургуулийн номын санд хүргэжээ. Сурах бичгийн үнэ 2600 төгрөгийн дундаж үнэтэйгээр худалдаж байгаа гэв.
 
Багш нар зөөврийн компьютертэй болно
 
Багш нарыг компьютержүүлэх ажил 10 дугаар сараас эхлэх юм байна. Энэ ажлын хүрээнд 25 мянган багш зөөврийн компьютертэй болох аж. Харин 11 мянга 340 суурин компьютерыг  сургуулиудад суурилуулах аж. Энэ жил 144 цахим лаборатори ашиглалтад орсон. Эдгээр лабораторийг энэ хичээлийн жилд бүрэн ашиглана. Мөн сурагчдад видео хичээл оруулахаар бэлтгэж байгааг дуулгав.
 
-Их сургуулиудын төлбөр 30-45 хувиар нэмсэн гэсэн мэдээлэл бий. Үүнийг бууруулах уу?
 
-2, 3, 4 дүгээр дамжааны оюутнуудын төлбөр 10 хувиас илүү нэмээгүй байна. Сургуульд орсных нь дараа төлбөр огцом нэмдэг байдлыг манай төрийн өмчийн сургуулиуд халсан. Өндөр төлбөр нь зөвхөн нэгдүгээр дамжааныханд  тулгарсан асуудал. МУИС, АШУИХ 20-иос дээш хувиар төлбөрөө нэмсэн байна. Энэ хоёр сургуулийг төлбөрөө бууруулж, оюутнуудын суралцах орчныг сайжруулах чиглэл өгсөн.
 
-Их сургуулиудийн удирдлагууд төлбөрөө нэмсэн шалтгаанаа хэрхэн тайлбарлаж байгаа вэ?
 
-МУИС-ийн зүгээс “Чанартай боловсрол эзэмшсэн мэргэжилтнийг нийгэм хүлээж байна. Манай сургууль хөтөлбөрөө олон улсын түвшинд магадлан итгэмжлэл хийлгэсэн. Үүнийгээ хадгалахын тулд сургалтын төлбөрийн үндсэн бааз хэрэгтэй. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн багш, сурах бичиг, лаборатори, сургалтын технологи нэвтрүүлэх ёстой. Үүнд санхүүжилт шаардлагатай байна”гэсэн тайлбар өгч байгаа.
 
-Эцэг эхчүүд гадаа хонохгүйгээр хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлдэг болоход улсын төсвөөс хичнээн төгрөг шаардлагатай вэ?
 
-30 мянга орчим хүүхэд цэцэрлэггүй үлдлээ. Эдгээр хүүхдүүд эхний ээлжинд Хүүхэд харах үйлчилгээнд хамарна. Дараа жил концессын гэрээгээр байгуулж буй 72 сургууль, цэцэрлэгийн комплекс ашиглалтад орно. Ингэвэл 2016-2017 оны хичээлийн  жилд сургууль, цэцэрлэг хангалттай хүрэлцэнэ.
 
-Хувийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулиудын багшлах боловсон хүчний асуудалд яамны зүгээс ямар бодлого барьж байгаа вэ. Тухайлбал жуулчны визтэй гадаад хүн дунд сургуульд багшилдаг гэсэн гомдол эцэг эхээс гарч байсан?
 
-Гадаад хэл, гадны хөрөнгө оруулалттай  сургуульд үйлчлэх дүрэм журам гарсан. Үүнийг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: "Монцамэ"