sonin.mn
Газрын тосны газраас уул уурхайн чиглэлээр гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах 12 оюутанд  өнөөдөр батламж гардууллаа.
Засгийн Газрын тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам”-ыг баримтлан дээрх оюутнуудыг шалгаруулсан байна. Уг шалгаруулалтыг Уул уурхайн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Газрын тосны газар хамтран хийжээ.
 
Энэ удаагийн тэтгэлгийн сонгон шалгаруулалтад Э.Маргад, Б.Анударь, Д.Очирбал, Э.Даваабаяр, Э.Төртүвшин, Ө.Дөлгөөнтамир, Д.Билгүүн, Т.Хонгорзул нарын 8 оюутан бакалаврт ОХУ, БНХАУ-д суралцах бол Л.Ганболд, Ц.Шаравсампил, М.Мөнхбат, Э.Алтанзул нар магистрт тэтгэлгээр суралцана. Уул уурхайн яам, Газрын тосны газраас 2000 оноос хойш зохион байгуулсан тэтгэлэгт хөтөлбөрт нийт 200 орчим оюутан сургажээ. 2005 онд эхний оюутнууд сургуулиа дүүргэн 126 төгсөгч салбартаа ажиллаж буй аж.
 
Одоогоор ОХУ-ын Москвагийн Нефть хийн их сургууль, Тюмений Нефть хийн их сургууль, БНХАУ-ын Бээжингийн Газрын тосны их сургууль, Дачин хотын Газрын тосны их сургууль Канадын Альбертагийн их сургуульд манай 60 орчим оюутан суралцаж байна.
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг