sonin.mn
ВЕНА. /Reuters/. Унгартай залгаа хил орчимд байсан ачааны машинаас 20-иод хүний цогцос олдсон гэж Австрийн цагдаа нар мэдэгдлээ. Эдгээрийг дүрвэгчид болон цагаачдын цогцос байж магадгүй гэж цагдаа нар үзэж байна. Австрийн цагдаа нар өчигдөр зүүн нутгийн Бургенланд мужийн засмал зам дээрээ байсан уг машиныг шалгажээ.
 
Ачааны машин Унгарын дугаартай байна гэж цагдаа нар хэлэв. Цагаачдыг хөлсөөр тээвэрлэж байсан байж магадгүй, алга болсон жолоочийг нь цагдаа нар хайж байна. Энэ тээврийн хэрэгслийг лхагва гарагт Австри руу орж ирэхээс өмнө цагаачид амьсгал хураасан байж магадгүй гэж цагдаа нар хэлээд, “Цогцсуудад задлан шинжилгээ хийлгэнэ” гэлээ.
 
Австрийн Канцлер Вернер Файманн, “Хүний наймаатай болон цагаачдын амь насыг аврахын төлөө тэмцэх хэрэгтэй байгааг энэ хэрэг харууллаа” гэв. Зэвсэгт мөргөлдөөн, ядуурлын улмаас Ойрхи Дорнод болон Африкаас Европыг зорих цагаачдын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг