sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. Өмнөд Солонгостой мөргөлдөөнийг намжаах асуудлаар хүрсэн тохиролцоог Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун “түүхэн боломж” гэж мэдэгдсэн боловч БНАСАУ-ын цэргийн сүр хүчийн ачаар тохиролцоонд хүрсэн болохыг онцлон дурджээ.
 
“Хамтарсан мэдэгдэл нь цэргийн хурц зөрчлийг намжаах, Солонгос хоорондын хурцадмал харилцааг эвлэрэл болоод итгэлцлийн замд оруулах түүхэн боломж боллоо” гэж Ким Жөн Ун мэдэгдсэнийг Ройтерс агентлаг цохон тэмдэглэж байна. Умард Солонгосын Цэргийн төв комиссын хурлын дараа хийсэн Ким Жөн Уны мэдэгдлийг тус улсын хэвлэлүүдэд нийтэлжээ.
 
Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлж буйгаар, “агуу их намын бий болгосон цөмийн зэвсэг бүхий цэргийн асар их хүчин чадлын ачаар” тохиролцоонд хүрсэн болохыг Ким Жөн Ун онцлон тэмдэглэсэн байна.
 
Өмнөд Солонгосын хоёр цэрэг цэрэггүй бүсэд мина өртсөн хэрэг наймдугаар сарын 4-нд гарсны дараа хоёр Солонгосын  хил дээр байдал хурцадсан билээ. Энэ хэргийн хариуд Умардын хил дээр байрлуулсан чанга яригчаар Өмнөдийнхөн суртал ухуулга явуулж эхэлсэн юм. Үүний дараа наймдугаар сарын 20-нд Умард
 
Солонгосын талаас их буугаар гал нээсэн тухай Сөүл мэдэгдсэн.  Нэг гаруй цагийн дараа Өмнөд Солонгос “хариу” гал нээсэн бөгөөд 30 орчим удаа харилцан гал нээсэн байна. Өмнөдийн талаас ямар нэг шалтгаангүйгээр гал нээсэн гэж Умард Солонгос мэдэгджээ. Байдал хурцадснаар хоёр орон хоёул Зэвсэгт хүчнээ байлдааны бэлэн байдалд оруулсан билээ.
 
Олон цагийн турш хэлэлцээ хийсний эцэст наймдугаар сарын 24-нд хурцадмал байдлыг зохицуулж чадсан билээ. Умард Солонгосын тал минатай холбоотой хэргийн төлөө уучлал хүсч, харин Өмнөд Солонгос суртал ухуулгаа зогсоосон.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг