sonin.mn
Зэвсэг зэвсгээс цөмийн зэвсэг хамгийн аймшигтайг хүн болгон мэднэ. Харин цөмийн зэвсгийн систем гэж юу байдгийг тэр болгон мэдэхгүй нь лавтай. Иймээс Оросын “Периметр” хэмээх цөмийн хариу цохилтын автомат системийн тухай товч өгүүлэх гэсэн юм. АНУ ч гэсэн мөн ийм системтэй.
 
Хүйтэн дайны “үр шим”
 
 
Энэ бол ОХУ-ын Стратегийн зориулалтын Пуужинт Цэргийн Пуужин-Их Бууны Удирдах Газрын ангиллаар 15Э601 гэсэн индекстэй пуужин удирдах автомат цогцолбор юм. Нэрийг нь “Периметр” гэдэг. Харин АНУ болон НАТО-д бол “Dead Hand” буюу “Үхсэн гар” гэж нэрлэдэг.
“Периметр” систем бол цөмийн гэнэтийн бөгөөд бөөгнөрүүлсэн цохилтод хариу цөмийн цохилт өгөх удирдлагын автоматжуулсан цогцолбор юм.
Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Стратегийн зориулалтат Пуужинт Цэргийн Удирдах Газар зэрэг удирдлагын дээд шатны байлдааны тушаалыг холбооны систем эвдэрсэн зэрэг онцгой байдал учирсан тохиолдолд байлдааны жижүүрт байгаа стратегийн пуужингийн командын байр, тухайлсан хөөргөгч төхөөрөмжид баталгаатай хүргэх зориулалттай. Гэхдээ автоматаар ажилладаг.
АНУ-д гэсэн пуужин хөөргөх тушаал дамжуулах үүнтэй төстэй “Emergency Rocket Communications System” систем байдаг.
 
 
Үзэл баримтлал
 
 
“Периметр” нь цөмийн зэвсэг бүхий бүх төрлийн цэргийн командлах системийг орлох альтернатив систем болно. Ухаандаа АНУ өөрийн үзэл баримтлалын дагуу “Цөмийн хязгаарлагдмал дайн” эхэлж Оросын командлалын “Казбек” систем хийгээд Стратегийн зориулалтат Пуужинт Цэргийн холбооны бүх шугам эхний цохилтоор устлаа гэхэд “Периметр” холбооны нөөц систем болно. Чухам үүнд л түүний гайхамшиг хийгээд аймшиг оршино.
Энэ үүргийг баталгаатай биелүүлэхийн тулд “Периметр” системийг бүрэн автомат, цөмийн бөөгнөрүүлсэн цохилтын үед хүний оролцоогүй буюу цөөн хүний оролцоотойгоор өөрөө бие даан цөмийн хариу цохилт өгөхүйцээр тохируулан хийжээ.
Энэхүү системийг заримдаа ёс зүйгүй гэж нэрлэдэг ч түрүүлж цохилт (превентив) өгнө гэдгээ ил тод тунхагласан боломжит дайснаа тогтоох барих цорын ганц найдвартай арга гэж үздэг байна.
“Периметр” системийг боловсруулагчийн нэг Владимир Ярынич “Дээд удирдлага шалгагдаагүй мэдээлэлд үндэслэн яаруу сандруу шийдвэр гаргах явдлаас бүрэн сэргийлж чадсан” гэж мэдэгджээ.
 
Пуужингийн довтолгооны тухай мэдээлэл системээс авсан Төрийн тэргүүн зүгээр л “Периметр” системээ идэвхижүүлээд хүлээгээд сууж байх ёстой гэнэ. Энэ үед цөмийн довтолгоо болж хариу цохилтын тушаал өгөх ёстой бүх хүн амь үрэгдсэн байлаа ч гэсэн өш хонзонгийн зэвсэг гацна гэж айлтгүй, баталгаатай өөрөө ажиллана гэнэ. Чингэхдээ хуурамч түгшүүрийн үндсэн дээр хариу цохилт өгөх ямар ч боломжгүйгээр тохируулсан байдаг аж.
Стратегийн зориулалтат Пуужинт Цэргийн дээд шатнаас тушаал авсны дараа тусгай командын байрнаас 15Б99 тусгай толгой бүхий 15П011 тусгай пуужин хөөрнө. Энэ пуужин нисэх замдаа бүх пуужин хөөргөх байр, Стратегийн зориулалтат пуужин бүхий командын бүх байруудад “хөөр” гэсэн команд өгнө. Оросын бүх пуужинд энэ дохиог хүлээн авах төхөөрөмж байдаг гэнэ. Ингээд бүх пуужин өөрөө хөөрч “өмнө нь заасан” маршрутын нисэх аж.
 
“Периметр”-ийн бүрдэл хэсгүүд
 
 
“Периметр”-ийн хамгийн гол нь удирдах хэсэг юм. Энэ нь маш нууц бункерт байрладаг аж. Аман яриагаар бие биетэйгээ холбоотой, мөн бие биенээ орлож чадах 4 адилхан удирдах төв энд тэнд байрладаг аж.
Дараа нь командын пуужин 15А11 орно. “Южное” зохион бүтээх товчоонд бүтээсэн ба МР УР-100У пуужингийн суурь дээр “ухаалаг толгой” залгаж, ямар ч саадыг нэвтрэх болгожээ. Нийтдээ 7 удаа туршилт хийхэд 6 амжилттай, 1 хэсэгчилсэн амжилттай байсан аж.
Удаах нь хүлээн авах төхөөрөмжүүд болно. Ийм төхөөрөмжүүд оросын цөмийн триад буюу гурвал гэж нэрлэгддэг Стратегийн зориулалтат Пуужинт Цэргийн бүх хөөргөх цэгүүд, Стратегийн зориулалтат бүх Шумбагч Онгоцнууд, мөн стратегийн бүх бөмбөгдөгч онгоцонд байдаг.
 
Автомат хяналт- командын систем
 
“Периметр”-ийн хамгийн үлгэр домог шиг хэсэг нь энэхүү хяналт-командын систем юм. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар энэ нь байлдааны нөхцөл байдлыг хянадаг холбоо, дохиоллын асар олон системээс бүрддэг аж. Энэ систем байлдааны давтамж дээр явж байгаа яриа хийгээд түүний эрчимд хяналт тавьж, Стратегийн Зориулалттай Пуужинт Цэргийн бүх постуудаас дохио хүлээн авч, мөн газрын гадарга хийгээд агаарын радиацийн түвшинг тогтоож, гол гол координатад буй ионын болон цахилгаан соронзон долгионы үүслийг тогтоож, энэ нь зүгээр газар хөдлөлт үү, эсвэл цөмийн тэсрэлт үү гэдгийг ялган тогтоодог байна. Мөн өөрийн командлах байруудад амьд хүн үлдсэн эсэхийг автоматаар шалгадаг байна.
Дээр дурдсан олон хүчин зүйлд анализ хийсний үндсэн дээр “Периметр” систем хариу цөмийн цохилт өгөх шийдвэрээ өөрөө гаргана.
 
 
“Периметр” систем ажиллах өөр нэг горим байдаг. Энэ нь пуужингийн довтолгоо боллоо гэдгийг мэдсэн Дээд Ерөнхий Командлагч “Периметр” системийг бэлэн байдалд оруулна. Үүний дараа Дээд Ерөнхий Командлагч байлдааны горимыг өөрчлөх тушаал өгөхгүй хэтэрхий их удвал (энэ нь Командлагч өөрөө сөнөсөн учраас тушаал өгөхгүй байна гэсэн хэрэг юм) систем мөн л өөрөө цөмийн хариу цохилт өгөх шийдвэр автоматаар гаргана.
“Периметр” системийг боловсруулагчийн нэг Владимир Ярынич “Wired” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: “Хямралт нөхцөлд байдлын үед өндөр дээд албан тушаалтнууд идэвхижүүлэх хүртэл “Периметр” нам жим, битүү байдалд байдаг. Түүний сейсмологи, радиаци, атмосферийн үзүүлэлтүүдийн сүлжээний хэмжигчид цөмийн цохилтын шинж тэмдэг илрэх эсэхийг л хянаж байдаг. “Периметр” цөмийн хариу цохилт өгөхөөсөө өмнө дөрвөн “хэрэв”-д хариулах ёстой: эхлээд систем оросын нутаг дэвсгэр дээр цөмийн цохилт болсон эсэх, болсон бол хаана болсон гэдгийг тогтоох ёстой. Хэрэв энэ нь үнэн бол систем Жанжин Штабын армийн бүх хэсгүүдтэй тогтоосон холбооны сүлжээг шалгана. Хэрэв холбоо хэвийн байгаад цөмийн цохилтын аюулын дохио цааш нэмэгдэхгүй бол систем 15 минутаас 1 цагийн дотор автоматаар өөрөө унтрана. Хэрэв ямар ч холбоо харилцаа байхгүй таг чиг байвал аль нэг бункерт амьд үлдсэн аль нэг дээд тушаалтны командыг хэсэг зуур хүлээнэ. Ингээд амьд хүний ямар нэг команд ирэхгүй бол “Периметр” систем “тэнгэрийн гэсгээл” хүртээхээр өөрөө бүх пуужингуудаа автоматаар хөөргөнө.
“Периметр” системийг анх 1974 онд хийж эхэлсэн ба хэд хэдэн удаа шинэчилж 1985 онд байлдааны жижүүрт гарч эхэлжээ.
 
Ингээд стратегийн давшилтын зэвсгийг зэвсгийг хорогдуулах хүрээнд “Периметр” системийг хэсэгчлэн татан буулгасан юм. Гэтэл АНУ “цөмийн гэнэтийн түрүүлэх цохилтын номлол” гаргаж ирсэн учир оросууд “Периметр” системээ дахин идэвхижүүлж эхэлжээ. Баруунд энэ системийг “үхсэн гар” гэж нэрлэдэг нь маш оносон нэр томъёо юм.
 
2011 оны 12 дугаар сард Оросын Стратегийн Пуужинт цэргийн командлагч дэслэгч-генерал Сергей Каракаев: “Периметр систем” байгаа бөгөөд одоо ч байлдааны жижүүрт гарч байна” гэж мэдэгдсэн билээ.
 
Судлаач Х.Д.Ганхуяг
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?