sonin.mn
ИЗНН УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн авлига, албан тушаал, залилангийн гэмт хэргийг өршөөх заалтыг эсэргүүцэж өнгөрсөн долоо хоногт Чингисийн талбайд иргэдийн гарын үсгийг цуглуулсан. Үүнд нийт 5000 гаруй хүн оролцож, гарын үсэг зурсныг энэ долоо хоногт УИХ-ын гишүүдэд хүргүүлэх болжээ.
 
ИЗНН нь 15 жилийн туршид авлига, хээл хахуулийн эсрэг тодорхой бодлоготой явж тод дуугарч, Авлигын эсрэг Монгол Улсын хуулийг санаачлан батлуулсан улс төрийн хүчин. Тиймээс энэхүү үзэл баримтлалдаа үнэнч байж, нийгмийн шударга ёсны төлөө нийгмийн баялгийг хумслан хөлжигчдийн эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлж байна хэмээн ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян хэллээ.
 
Тэрбээр, Өршөөл үзүүлэх хуулинд авлига, албан тушаалын хэргүүдийг чөлөөлсөн боловч үүнээс болж хохирсон иргэдийн хохирлын асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь зүйд нийцэхгүй. Өнөөдөр бидэнд авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөхөөс илүүтэй Монгол Улсынхаа гадаад нэр хүндийг өргөх, эдийн засгаа босгох, цаг үеийн асуудалд анхаарал хандуулах шаардлага тулгарч байна. Энэ жилийн үргэлжилсэн улстөржилт улс орны хөгжлөөс хойш татаж эдийн засгийн боломж нөөцийг шавхаж дууслаа. Олон улсын эдийн засгийн хямрал бодиттойгоор нүүрлэсэн үед бид хэрээс хэтэрсэн өртэй, хямралыг давах бодит төлөвлөгөөгүй сууж байгаа нь харамсалтай байна” гэлээ.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ"