sonin.mn
Чөлөөлөх дайнд оролцож, дэлхий нийтэд энх тайвныг цогцлооход гар бие оролцсон 19 ахмад дайчинд өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэтгэл үзүүлж, төрийн дээд одон медалиар шанав.
 
Ерөнхийлөгчийн зарлигаар ахмад дайчин Р.Дамбадаржаа, А.Дорж, У.Доржпалам, Б.Лааган нарыг Сүхбаатарын одонгоор, С.Ванчигдоо, Х.Галжав, Д.Сэр-Од, Г.Цэгмид нарыг Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнав.
 
Мөн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор А.Дуламжав, Л.Халзан, Цэргийн гавъяаны одонгоор Р.Даш, Б.Дорж, С.Чимэддорж, Я.Рагчаа, Ц.Осор болон И.Ламжав нарыг шагнаж урамшуулав.
 
Түүнчлэн Д.Ишгомбо, Б.Маань, Л.Туваан нар Алтан гадас одонгоор энгэрээ мялаав.
 
Шагнал гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Монгол Улс дэлхийн II дайны жилүүдэд шударга ёс, энх тайвны хүчний талд баттай зогсож, тэдний ялалтын төлөө бүхий л хүч бололцоогоор туслан, чамгүй хувь нэмэр оруулсан нь он цаг улирах тусам улам тодорч байна. Халхын голын дайнд хамтын ялалтаар гагнагдсан Монгол, Оросын ард түмний дайчин нөхөрлөл аугаа Эх орны дайны хүнд бэрх жилүүдэд улам батжиж, монголчууд “Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” уриан дор цаг наргүй хөдөлмөрлөн, хийж бүтээсэн бүхнээ зөвлөлтийн ард түмэн, түүний Улаан армид зориулан найдвартай ар тал болж байсан түүхтэй.
 
Европ дахь дэлхийн дайн төгсгөлдөө орж, ЗХУ, түүний холбоотнуудын ялалт ойртсон үед Ази дахь дайны голомтыг арилгаж, хүн төрөлхтөнд асар их гамшгийг авчирсан их дайныг эцэслэх цэргийн ажиллагаанд Холбоотон гүрнүүд шуурхай бэлтгэж эхэлсэн. Үүний нотолгоо нь Ялтын Бага хурал болж, ЗХУ, АНУ, Их Британи Улс Алс Дорнодод хамтран явуулах цэргийн ажиллагааны зарчим, нөхцлийг тохирсон “Алс Дорнодын асуудлаарх гурван Их гүрний хэлэлцээр”-ээр БНМАУ-ын тусгаар тогтнолыг хэвээр хадгалах явдлыг ЗХУ Японы эсрэг дайнд орох эхний болзол болгон заасан юм.
 
Улмаар 1945 оны 7 дугаар сарын эхээр БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсан ЗХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үед Японы эсрэг Холбоотнуудын хийх дайнд БНМАУ-ын цэрэг ЗХУ-ын Улаан армитай хамт оролцох саналыг хүлээн авчээ. Тэрээр, Түрэмгийлэгчдийн эсрэг дайнд оролцох нь манай улсын хувьд эх орныхоо тусгаар тогтносон бүрэн эрхт байдлыг бататгах төдийгүй бүх нийтийн энх тайвны үйлсэд хувь нэмэр оруулж буй явдал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд БНМАУ 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Японд дайн зарлаж, Чөлөөлөх дайны ажиллагаанд оролцсон.
 
Зүүн хойд Хятад, Өвөр Монголыг чөлөөлсөн Монгол, Зөвлөлтийн цэргийн ажиллагаа нь Хятад улс харийн дарлалаас ангижирч, тусгаар тогтнолоо сэргээн тунхаглах үйл явцад чухал түлхэц өгсөн гэж хэлэх бүрэн үндэстэй.
 
Та бүхэнд олгож байгаа энэ эрхэм хүндтэй шагнал бол нийт ахмад дайчиддаа Монголын төр, ард түмнээс үзүүлж буй өндөр дээд хүндэтгэл юм. Энэ бол Монголын ард түмэн хойч үе, ахмад үеийнхнийхээ баатарлаг түүх, тэдний гавъяа зүтгэлийг хэзээ ч мартахгүй байнга дурсаж байхын илэрхийлэл юм” гэлээ.
 
Энэ үеэр ахмад дайчидтай уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.
 
Ахмад дайчин А.Дорж, Өнөөдөр Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаалаа. Би чөлөөлөх дайны үед Монгол ардын хувьсгалт цэрэгт 5 жил алба хаасан. Дайн дууссаны дараа барилгын цэрэгт 37 жил ажилласан. Чөлөөлөх дайны гол зорилго нь Монгол түмний энх тайван орших боломжийг бүрдүүлэх байсан. Энэ зорилгодоо ч хүрч чадсан. Монгол Улс цаашдаа энх амгалан орших болтугай.
 
Ахмад дайчин Л.Халзан, Чөлөөлөх дайны үед цэргийн тусгай хороонд алба хаасан. Тухайн үед ЗИС-14 маркийн автомашинтай Холбооны хороог шатахуунаар хангадаг байлаа. Энэ их эрсдэлтэй ажил байсан. Холбооны хороог урагшаа давшуулахгүйн тулд шатахуун, хүнс зөөх автомашинууд руу дайрах тохиолдол их байсан. Энэ бүх аюулыг сөрөн эх орон, тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн. Өнөөдөр энэхүү зүтгэлийг минь үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагналаа. Төр, түмэн олондоо туйлын их талархаж байна” гэлээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: "Монцамэ"