sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. БНХАУ-ын хакеруудад эдийн засгийн хориг арга хэмжээ авах тухай АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа хэлэлцэж байна гэж тус улсын “Washington Post” сонинд мэдээлжээ.
 
АНУ-ын худалдааны үнэ цэнэтэй нууцыг хулгайлах зорилгоор интернэт ашигладаг БНХАУ-ын иргэн болон компаниудад авах хориг арга хэмжээний багцыг АНУ-ын Засгийн газар боловсруулж байна гэж сонинд бичжээ.
 
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Обамагийн баталсан захирамжийн хүрээнд гарч буй анхны хориг арга хэмжээ энэ болох юм. Уг захирамж нь кибер орон зайн худалдаанд тагнуул хийсэн байгууллага болон хувь хүний санхүүжилтийг хааж, үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх эрхийг олгож байна.
 
Хакеруудад хориг арга хэмжээ авах гэх мэт иж бүрэн стратегийг боловсруулах боломжит бүх арга замыг Засгийн газар судалж байна гэж АНУ-ын албаны хүн мэдэгдэв. БНХАУ-ын дарга Си Зиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нарын дээд хэмжээний уулзалт энэ сарын сүүлээр болох юм.
 
АНУ-БНХАУ-ын харилцааг сэвтүүлж буй томоохон асуудлуудын нэг бол кибер аюулгүй байдал юм гэж сонинд мөн бичжээ. Хоёр орны тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр уг асуудлыг онцгойлон хэлэлцэх төлөвтэй байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг