sonin.mn
БОНХАЖ-ын  дэд сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын Чэжү хотын Аялал жуулчлалын газрын дарга Чуй Габ Ёл нар Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 
 
Санамж бичгийг байгуулснаар аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтарсан маркетингийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх,  эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, зочлох үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд хамтран ажиллах юм.
 
БОНХАЖ-ын  дэд сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “Монгол, Солонгос дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан уг санамж бичгийг  байгууллаа. Аялал жуулчлалын компаниудыг чадавхижуулах, эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтарч ажиллана” гэв.
 
Харин Чэжү хотын Аялал жуулчлалын газрын дарга Чуй Габ Ёл “Уг санамж бичигт гарын үсэг зурсан  нь хамтын ажиллагааны анхны алхам болж байна. Чэжү арал Солонгосын томоохон аялал жуулчлалын бүс нутаг. Бид эрүүл мэндийн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэхээр зорилго тавин ажиллаж байна” хэмээн онцоллоо.
 
БНСУ-ын Чежү арал нь аялал жуулчлалын чөлөөт бүс бөгөөд гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх бодлого барьж, байгаль, түүх, соёл, зугаа цэнгэлийн аялал жуулчлалыг нэг дор хөгжүүлж чадсанаараа онцлогтой. Чежүд  жилд 14 сая орчим гадаад, дотоодын жуулчид  аялдаг байна. 
 
Харин Монголд ирэх солонгос жуулчдын тоо жилээс жилд  нэмэгдэж,  тус улс нь манай улсын аялал  жуулчлалын салбарын хувьд голлох байр суурь эзэлж буй юм.  
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг