sonin.mn
БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 8 дугаар сарын 30-ны өдрийн Туркийн Үндэсний ялалтын баярын 93 жилийн ойн баярыг тэмдэглэх зорилгоор ёслолын хүлээн авалт зохион байгууллаа.
 
Тус арга хэмжээнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Ц.Цолмон болон тус яамны алба хаагчид, дипломат албаны төлөөлөгчид оролцлоо.
 
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тус хүлээн авалтанд хэлсэн үгэндээ иж бүрэн түншлэлийн харилцаатай Монгол, Туркийн хоорондын харилцаа улс төр, цэрэг, эдийн засаг, соёлын салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
 
Элчин сайд Мурат Карагөз ах дүүгийн найрсаг харилцаатай хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа хөгжиж байгааг онцолж тус ЭСЯ-ны харьяанд Цэргийн Атташегийн алба шинээр нээгдсэнийг мэдэгдлээ.
 
Энэ үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Элчин сайд Мурат Карагөзийн хоёр улсын батлан хамгаалах салбарын хөгжилд оруулсан хувь нэмэрийг үнэлж 1945 оны чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн медалиар шагналаа.
 
Хүлээн авалтын үеэр Туркийн Зэвсэгт хүчнийг танилцуулсан баримтат киног ирсэн зочдод үзүүллээ. Туркийн арми 1922 оны 8 дугаар сарын 22-ны өдөр БНТУ-ыг үүсгэн байгуулагч Мустафа Кемал Ататуркийн удирдлаган дор Чөлөөлөх дайнд ялалт байгуулсан бөгөөд жил бүрийн энэ өдрийг тус улсад Ялалтын баярын өдөр хэмээн тэмдэглэдэг байна.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг