sonin.mn
Говь-Алтай аймгийн хэмжээнд аймгийн төв, хөдөө сумдын нийт хувийн болон төрийн өмчит ерөнхий боловсролын 28 сургууль, 28 цэцэрлэг 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж сургалт хүмүүжлийн ажлаа эхэллээ.
 
Бага, дунд боловсролын 28 сургуулийн 493 бүлэгт 11592 суралцагч, үүнээс шинээр нэгдүгээр ангид 1254 хүүхэд элссэн байна. Нийт 1300 ажиллагсад ажиллаж байгаагийн 670 нь багш байгаа ажээ. Мөн 28 цэцэрлэгийн 132 бүлэгт 4300 хүүхэд элссэн бөгөөд 480 багш ажилчид ажиллаж байна.
 
Тус аймагт дуу хөгжмийн багш дутагдалтай байгаа бөгөөд бусад мэргэжлийн багш нар илүүдэлтэй байгаа ажээ. Энэ оноос эхлэн хэрэгжиж байгаа сургалтын цөм хөтөлбөртэй холбоотойгоор багш нарын сургалтыг зохион байгуулж 4.1 тэрбум төгрөгийн засварыг Тонхил, Төгрөг, Бигэр, Тайшир сумын сургууль, цэцэрлэгүүдэд бүрэн хийжээ.
 
Аймгийн МСҮТ-д 250 суралцагч элсэж  12 мэргэжлээр 700 оюутан суралцаж эхэлсэн бол АШУҮИС-ийн салбар сургуульд 9 мэргэжлээр 1100 орчим оюутан суралцаж байгаагаас 180 гаруй нь шинээр элсээд байна.
 
 Говь-Алтай аймаг Ш.Цоодол
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг