sonin.mn
Бээжин хотноо энэ сарын 03-нд болох ёслолын жагсаалд оролцох Монгол цэргийн бүрэлдэхүүнд БНХАУ-ын Засгийн газраас Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медаль гардуулав. Мөн үеэр Монгол цэргүүд ялалтын ойд зориулсан далбаан дээр гарын үсгээ зуржээ.
 
Ёслолын жагсаалд Монгол Улсаас 76 хүний бүрэлдэхүүнтэй баг жагсах аж. Үүнээс 20 цэрэг нь өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Москва хотын Улаанталбайд болсон цэргийн ёслолын жагсаалд оролцсон юм.
 
Цэргийн ёслолын жагсаалыг МҮОНРТ, TV25 телевиз шууд дамжуулан хүргэхээр бэлтгэлээ хангаж байгаа аж. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүрэлдэхүүнийг удирдан чиглүүлж байгаа ЗХЖШ-ын Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар, бүрэлдэхүүнийг командлан алхах ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ нараас ярилцлага авч Монголын дайчдаар бахархаж байгаа тухай нийтэлжээ.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг