sonin.mn
СӨҮЛ. /ITAR-TASS/. Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгч Хван Жун-кук БНХАУ-ын тусгай төлөөлөгч У Давэйтай Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийхээр Бээжин хотод айлчиллаа гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэв.
 
Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлцээ хийх замыг тавихын тулд тус улсын Засгийн газрыг шахах шаардлагатай гэж Өмнөд Солонгос үзэж байна.
 
"Хван Жун-кук БНХАУ-ын олон улсын хэд хэдэн шинжээчтэй уулзаж, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн тухай хэлэлцээ хийнэ. Мөн тэрбээр сэтгүүлч, улс төр судлаач, түүхчид болон бусад эрдэмтэдтэй уулзахаар төлөвлөсөн. Дээр дурдсан хүмүүстэй уулзсанаар, Умард Солонгосын асуудалд бид ямар байр суурьтай байгаагаа тайлбарлахын зэрэгцээ тэдний санал бодлыг сонсох юм.
 
Хван Жун-кук тусгай төлөөлөгч БНСУ болон БНХАУ-ын стратегийн харилцааг өргөжүүлж, бэхжүүлэх төлөвлөгөөтэй байна" гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ дурджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг