sonin.mn
Өнөөдөр /2015.09.01/ УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нар Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын Панел хэлэлцүүлгүүдэд оролцлоо. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд “Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд” сэдэвт Панел хэлэлцүүлэгт оролцов.
 
 
 
Энэхүү хэлэлцүүлгээр парламентын хяналт, парламентын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх болон  тулгарч буй бэрхшээлүүдийн талаар хэлэлцэж, санал солилцжээ. Панел хэлэлцүүлэгт Төв Америкийн болон Африкийн төлөөлөгчид илтгэл тавьсан юм. Тус хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөгчид парламентыг хэрхэн ард түмний итгэлийг хүлээсэн төлөөллийн байгууллага болгох, түүнийг хангахын тулд ямар арга хэмжээ авах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн парламентын хяналтыг хэрэгжүүлэхдээ парламентын дэргэдэх хяналтын байгууллагуудыг бэхжүүлэх, цаашилбал байнгын хороод болон тусгай хяналтын хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хэлэлцүүлэгт оролцогчид хүрсэн байна.
 
 
 
Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Кампалагийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх арга хэмжээ” болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал” сэдэвт Панел хэлэлцүүлэгт оролцов. Энэхүү Панел хэлэлцүүлгээр дайны гэмт хэрэгт түрэмгийллийн гэмт хэргийг олон улсын хэмжээнд хэрхэн шүүх талаарх асуудлыг томьёолж гаргасан “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Кампалагийн нэмэлт өөрчлөлтийг улс орон бүрийн парламентын түвшинд хэрхэн авч үзэж буй талаар хэлэлцсэн юм.
 
 
 
Цаашид “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Кампалагийн нэмэлт өөрчлөлтийг дэлхийн улс орны парламентууд соёрхон батлах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Энэ нь цаашид дэлхий нийтэд энх тайвныг тогтооход чухал нөлөөтэй гэж оролцогчид үзжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.