sonin.mn
Монгол, Катар улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Шийдэмгий шийдвэр” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулилт өнгөрсөн сарын 14-27-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Сургуулилтын хаалтын ажиллагаанд Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа тэргүүтэй төлөөлөгчдийн хамт Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцсон юм. Монгол Улсын Батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжсөөр байгаагийн нэг жишээ бол Монгол Улс, Катар Улсын Зэвсэгт хүчний харилцан тохиролцсон гэрээний дагуу 2008, 2009, 2013, 2014 онд “Шийдэмгий шийдвэр” хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулсан явдал юм. Тиймээс ч энэхүү хамтарсан сургалт, дадлагын чанар, агуулга, ач холбогдол жилээс жилд улам сайжирч, цэргийн алба хаагчдыг мэргэжлийн хувьд сургаж бэлтгэхэд чиглэсэн, энхийг сахиулах ажиллагаанд түгээмэл хэрэглэдэг арга техникийг бодитойгоор эзэмшүүлж, харилцан туршлага солилцох боломжийг олгосон, үр дүнтэй сургууль болсон гэж талууд онцоллоо хэмээн БХЯ-ны сайтад мэдээлжээ.