sonin.mn
“Улаанбаатар-Цэвэр Агаар” төслийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хөрс, усалгааны ялгаатай нөхцлүүдийг ажиглах, харьцуулах, туршлага хуримтлуулах зорилгоор "Загвар" төслийг хэрэгжүүлж дууслаа.
"Загвар" төслийн хүрээнд  тухтай орчин бүрдүүлэхээр Чингэлтэй дүүргийн 5-р хороон дахь Тасганы овоо орчмын 1,7 га талбайг “Бичил цэцэрлэгт хүрээлэн” болгон тохижуулж ашиглалтад оруулахад бэлэн болжээ. “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-д өмнө нь байсан олон жижиг овоог нэг болгож, усалгааны систем, замын гэрэлтүүлгийг ажиллуулж, нийт 5 төрлийн 4129 ширхэг мод, сөөгийг тарьж ургуулан 1073 м2 явган замтай, хаалгатай иж бүрэн ногоон орчин болгосон байна. Энэхүү загвар төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын нөхцөлд хамгийн сайн тохирох ногоон байгууламжийн төрлийг тодорхойлох, тогтмол усалгаатай, усалгаагүй, бордоотой, бордоогүй зэрэг өөр хоорондоо ялгаатай орчинд хотын ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлэх тухай судалгаа, туршилтуудыг хийжээ. “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-г ирэх баасан гарагт  ашиглалтад оруулна. Тус арга хэмжээний үеэр нийслэлчүүдийн түүх, соёлын үнэт зүйлсийн нэг болох Тасганы овоог хүндэтгэх шашны зан үйл, сүсэгтэн олны итгэл, бишрэлийг бадраах ном хурах ёслол үйлдэнэ. Цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулснаар нийслэлийн ногоон байгууламж нэмэгдэж, өнгө үзэмж сайжирч, иргэдэд амрах зугаалах таатай орчин бүрдэхээс гадна ямар төрлийн мод ургамал ямар хөрс, ус, бордоонд, цаг агаарын нөхцөлтэйгээ зохицон ургаж болохыг турших боломж олгож байгаагаараа онцлог юм гэж Улаанбаатар Цэвэр Агаар төслөөс мэдээллээ.