sonin.mn
БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв хэсэгт байрлах Тяньаньмэнийн талбай нь тус улсын аялал жуулчлалын 10 гол газрын нэг бөгөөд олон зуун мянган хүн цуглардаг түүхийн дурсгалт газар юм. Энэ талбай Мин, Чин улсын үеийн хааны ордон байрлаж байсан “Хориотой хот”-ын урд хаалганаас эхэлдэг бөгөөд 1949 онд уг талбайг өргөтгөн шинэчилснээр 440 мянган хавтгай дөрвөлжин метр буюу 880x550 метр хэмжээтэй. Өөрөөр хэлбэл, энд 1 сая хүн цугларахад элбэг багтана гэсэн үг юм.
Тяньаньмэнийн талбайн эргэн тойронд АИХ-ын танхим, Үндэсний түүхийн музей, Ардын баатруудын дурсгалын хөшөө, Мао Зэдуны дурсгалын бунхан зэрэг үндэсний онцлогийг шингээсэн орчин үеийн барилга байгууламжууд байдаг.
 
Тянаньмэн-ийн хаалга нь Мин, Чин үед хааны ордонд нэвтрэх гол хаалга байжээ. 1651 оны үед тус хаалгыг засварлаж, Тяньаньмэн буюу “Амар амарлингуйн диваажингийн хаалга” хэмээн нэрлэх болсон ажээ. Давхар асар, тагт болон олон тулгууртай хаалганы нийт өндөр 33.7 м болно.
 
Уг талбайн баруун талд байрлах Ардын Их Хурлын танхим анх 1959 онд барьсан бөгөөд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал чуулж, Хятадын Коммунист Нам болон Төрийн Зөвлөл үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Талбайн зүүн талын Хятадын Үндэсний түүхийн музей нь 1959 онд байгуулагдаж, тус улсын түүх соёл, хувьсгалын үеийн үнэт баримт, дурсгалын зүйлийг ард иргэдэд дэлгэн үзүүлдэг.
 
Тус талбайн төв хэсэгт сүндэрлэх “Ардын баатруудын дурсгалын хөшөө”-г 1958 оны 4 дүгээр сард 37.94 метрийн өндөртэй, 17 мянган хэсэг бүхий боржин цагаан чулуугаар бүтээсэн бөгөөд хятад үндэсний онцлог хэв шинжийг агуулдаг байна.
 
28 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг эзлэн орших “Мао Зэдун даргын дурсгалын бунхан” нь талбайн өмнөд хэсэгт байрлах бөгөөд түүнийг ахмад хувьсгалчдын дурсгалд зориулан 1977 онд байгуулжээ.
 
Б.Адъяахүү. Бээжин хот
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг