sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 2-3-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо болж буй Японы түрэмгийллийн эсрэг дайнд Хятадын ард түмэн ялсны 70 жилийн ойн баяр ёслолын арга хэмжээнд оролцохоор БНХАУ-ын Бээжин хотноо лхагва гарагийн үдээс хойш хүрэлцэн ирлээ.
Төрийн тэргүүнийг дагалдан яваа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар болон албаны бусад хүмүүс багтжээ.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчдийг Хятадын талаас БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Син Хаймин угтан авлаа.
 
Мөн өдрийн 19 цагаас БНХАУ-ын дарга Си Зиньпин, гэргий Пен Ли Юань нар Ялалтын түүхт 70 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаа гадаад орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нарыг Бээжин хот дахь “Дяо Юйтай” цогцолборын “Фанфэй” харшид угтан авч мэндчилээд хүндэтгэлийн зоог барив. 
Ялалтын баярын ёслолд оролцохоор Монгол Улсаас гадна дэлхийн 19 орны төр, засгийн тэргүүн нар хүрэлцэн ирээд байна.
 
Өнөөдөр буюу пүрэв гарагт болох Ялалтын баярын гол арга хэмжээ цэргийн парад дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ойн баярын хүндэтгэлийн хүлээн авалтад оролцоно. Үүний дараа тэрбээр Хятад улсын Ардын Их хурлын ордонд БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзах юм. Энэ уулзалтын дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян-тай уулзахаар төлөвлөжээ. Ноён Жан Дөзян Монгол Улсын төрийн тэргүүнийг хүндэтгэн зоог барина.
 
Энэ арга хэмжээний дараа болох Ялалтын түүхт 70 жилийн ойд зориулсан урлагийн тоглолтыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй Монголын төлөөлөгчид үзэж сонирхсоныхоо дараа эх орондоо буцаж ирнэ.
 
Б.Адъяахүү. Бээжин хот
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг