sonin.mn
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өнөөдөр /2015.09.02/ Америкийн Байгалийн Түүхийн музейн Эрдмийн сургуулийн захирал Жон Флиннтэй уулзав. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл уулзалтын үеэр хэлэхдээ, Америкийн антропологич Рой Чапман Андрюсийн экспедици Монголд ирсэний 100 жилийн ой удахгүй тохиох гэж буйтай холбогдуулан (1922 оноос 2022 он) Андрюсийн гэрээний биелэлтийг хамтран дүгнэх комисс гаргах, монголоос авч явсан олдвор, эд зүйлсийн хамтарсан тооллого хийх, энэ хамтарсан тооллогын дүнг олон нийтэд ил тод байлгах  талаар ярилцлаа.
 
 
 
 
 
 
 
Мөн Рой Чапман Андрюс болон Монголын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээнд  /1924 он/ заасны дагуу "монголоос авч гарсан чулуулаг, олдворын зүйл төрөл бүрээс нэг ширхэгийг Монголын засгийн газарт буцааж өгөх", "хэвлэмэл ном, тайлан бүрээс 3 хувийг Монголын Засгийн газарт өгөх", "бүх кино, фото зургаас 2 хувийг Монголын Засгийн газарт өгөх", "Өргөө Музей байгуулахад хамтарч ажиллах, музейд олдвор цуглуулгаа бэлтгэхэд нь туслах" зэрэг амлалтуудыг нь биелүүлэх хэрэгтэй байна гэлээ. Түүнчлэн монголын олдворуудыг зөвхөн шинжлэх ухааны зорилгоор ашиглах гэсэн гэрээний заалт биелэгдсэн эсэхийг хамтран шалгах шаардлагатай байна. Үүний тулд Андрюсийн гэрээний биелэлтийг хамтран дүгнэх комисс гаргая гэсэн санал тавилаа. Тэрээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд байхдаа 2014 оны 03 сарын 13-ны өдөр Америкийн Байгалийн Түүхийн музейн захирал хатагтай Эллен Фаттерт албан тоот илгээсэн боловч хариу ирүүлээгүй тухай дурдаад гэрээ, гэрээний англи орчуулга болон өөрийн илгээж байсан албан тоотын хуулбарыг Америкийн Байгалийн Түүхийн музейн Эрдмийн сургуулийн захирал Жон Флиннд музейн захиралд гардуулан өгнө үү хэмээн хүлээлгэн өгсөн юм.
 
 
 
Америкийн Байгалийн Түүхийн музейн Эрдмийн сургуулийн захирал Жон Флинн уулзалтын төгсгөлд хэлэхдээ, УИХ-ын гишүүний хүсэлтийн дагуу холбогдох бичиг баримтыг Америкийн Байгалийн Түүхийн музейн захиралд гардуулан өгч, судалсаны үндсэн дээр хариу илгээх болохоо мэдэгдэв. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын албан тушаалыг хаших хугацаандаа гадаад орнуудад хадгалагдаж байсан Монголын 400 гаруй үзмэр, олдворыг эх орондоо эргүүлэн авчирч байжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.