sonin.mn
Чөлөөлөх дайны 70 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын парад өнөөдөр БНХАУ-ын Бээжин хотноо болж өндөрлөлөө.
Энэхүү парад нь Японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг Хятадын ард түмний дайн болон фашизмын эсрэг дэлхийн дайнд ялсны 70 жилийн ойн баярын арга хэмжээний үндсэн гол арга хэмжээ юм.
 
Баярын арга хэмжээ өглөөний 10:00 цагаас эхэлж, парадын өмнө БНХАУ-ын дарга Си Зиньпин үг хэллээ. Ойн баярын арга хэмжээнд 30 улсын удирдагч, түүнчлэн НҮБ-ын дарга Бан Ги Мүн оролцов.
 
Тяньаньмэний талбайд болсон уг парадад 12 мянга орчим цэргийн албан хаагч оролцсон ба нийт 27 хайрцаг бие бүрэлдэхүүн жагсав. Мөн парадад пуужин, танк болон 200 орчим нисэх онгоц цэргийн 40 гаруй төрлийн техник хэрэгслийг анх удаа олон нийтэд үзүүлж сонирхууллаа. Эдгээр зэвсэглэл нь орчин үеийн, 80 гаруй хувь нь шинэ зэвсэг аж.
 
Мөн үеэр Хятадын цэргийн сургуулийн 2400 сонсогчоос бүрдсэн найрал дуучид жагсаалын 30 гаруй дууг дуулж, жагсаалын сүр хүчийг нэмэв. Үүний зэрэгцээ парадын үеэр болох нисэх хүчний үзүүлбэрийн аюулгүй байдлыг хангахын тулд Бээжин хот руу орох, гарах бүх нислэгийг зогсоожээ.
 
Парадын үеэр Бээжингийн тэнгэр өмнөхөөсөө цэнхэр цэлмэг байсан нь тус орны удирдагчдын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй холбоотой гэнэ. Учир нь нийслэл Бээжингийн ойр орчмын үйлдвэрүүдийн дийлэнхийн үйл ажиллагааг зогсоож, мөн тус хотод бүртгэлтэй 5 сая  автомашины 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон нь парадын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад нөлөөлсөн хэмээн гадаад, дотоодын олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг