sonin.mn
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан БХЯ, Хилийн цэргийн удирдах газар, Монгол цэргийн музей хамтран “Бид ялав” өдөрлөгийг зохион байгуулж байна. Эдүгээгээс 70 жилийн өмнө Чөлөөлөх дайнд оролцсон Монголын эрэлхэг дайчид эх орон, ард түмэнээ энх тайвнаар оршин тогтнох боломжийг бүрдүүлсэн юм. Өнөөдөр бид дайнд оролцсон эрэлхэг хөвгүүдийнхээ байгуулсан гавъяаг эргэн дурсаж байна хэмээн Монгол цэргийн музейн захирал, Хурандаа Г.Золзаяа өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.
 
Тэрбээр, “Өнөөдөр Монгол цэргийн музейд Чөлөөлөх дайнтай холбоотой түүхэн үзмэрүүдийг дэлгэсэн байна. Үзмэрүүдийг Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчид, түүх судлаачид тайлбарлах болно. Ингэснээр залуу үед эх түүхээ сурталчлан таниулах, эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд томоохон түлхэц болно гэж үзэж байна” гэлээ.
 
Өдөрлөгт БХЯ-ны удирдлагууд, ахмад дайчид, БХИС-ын оюутан залуус оролцож байна.
 
Энэ сарын 01-нд Монгол цэргийн музейд “Бид ялав” гэрэл зургийн үзэсгэлэнг нээсэн билээ. Тус үзэсгэлэн энэ сарын 05-ыг хүртэл үргэлжлэх бөгөөд Чөлөөлөх дайны үеийн 100 гаруй гэрэл зураг, 20 бичиг баримт, зэвсэг, техник дэлгэжээ.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ"