sonin.mn
Энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр тогтоолоор аж ахуйн нэгжүүдэд тавьсан өрөө төр төлөхөөр болсон юм. Үүнд 2012 оноос хойш төр, орон нутгийн захилгаар гүйцэтгэсэн төсөвт ажлууд багтаж байна. Өнөөдрөөс эхлэн арилжааны 8 банк энэ мөнгийг олгож байгаа юм.Виксель буюу өрийн бичгээр дамжуулан аж ахуйн нэгжүүддээ өрөө төлдөг олон улсын жишиг байдаг юм. Төр аж ахуйн нэгжүүдэд тавьсан өрөө арилжааны банкаар дамжуулан олгох шийдвэр юм. 3 жил гаруй хугацаанд нийтдээ 286 аж ахуйн нэгжид төр өртэй болжээ. Мөнгөн хэмжээг дурьдвал 176,1 тэрбум төгрөг юм. Энэ хөрөнгийг гаргаад өгөх эдийн засгийн чадамж төрд байхгүй учраас өрийн бичиг үйлдэж асуудлыг шийдэж байна.Ингэж шийдвэрлэхгүй бол аж ахуйн нэгжүүдийн хувьд үйл ажиллагаа явуулахад хүнд болсон байна. 2014-2015 онд гэхэд л 3000 гаруй аж ахуйн нэгж үүдээ барьсны тодорхой хувь нь үүнээс ч хамааралтай байж болох юм. Эргэлтийн хөрөнгөө гарган гүйцэтгэсэн ажил нь зогсож, байгаа техник хэрэгслээ ломбарданд тавьж, харин шинэ ажилд бусдын техникийг түрээслэнэ. Тухайн үедээ хөрөнгийг шийдвэрлэсэн бол энэ асуудал үүсэхгүй байсан тухай аж ахуйн нэгжийн төлөөлөл хэлж байна. Ямар ч байсан хүнд үедээ хөрөнгөө авах боломжтой болж сэтгэл жаахан уужирчээ. Нийт 286 аж ахуйн нэгжээс гурван аж ахуйн нэгжийн викселийг шалгахаар хойшлуулсан байна. М-Си-Эс, Алтай тресст, Очир тур компанид нийтдээ 50 орчим тэрбум төгрөгийг өгөх юм. Шалгалт дууссаны дараа олгох боломжтой гэнэ.
 
Э.Сүрэн