sonin.mn

Монголын Залуучуудын холбоонноос өнөөдөр Хар/Цагаан жагсаалт болон “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөний талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд Хар/Цагаан жагсаалт гаргахдаа 1992 оноос 2016 оны УИХ, орон нутгийн сонгуулийн өдөр хүртэл болсон, Монголын болоод ард түмний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын эсрэг 100 хар үйл явдлыг олон нийтээр нэрлүүлэхээр болсон байна. Уг  жагсаалтыг олон нийтийн санал асуулгаар тодруулах бөгөөд нэгдүгээрт онлайн буюу олон нийтийн цахим сүлжээ, хоёдугаарт МЗХ-ны нээлттэй шилэн системийг ашиглан олон нийтээр нэрлүүлэх аж.

“Хар жагсаалт”-д овог нэр нь орсон нэр дэвшигчдэд УИХ болон орон нутгийн сонгуулиар саналаа өгөхгүй байхыг сонгогчдод уриалах замаар энэ ажил өрнөх нь. Харин “Цагаан жагсаалт”-д улс эх орондоо ихийг хийж бүтээсэн, цаашид ч хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн, бүтээлч, итгэл хүлээхүйц нэр дэвшигчдийн нэрсийг оруулах бөгөөд тэрхүү жагсаалтад орсон хүмүүсийг дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.

Тус ажил нь өнөөдрөөс 2016 оны УИХ, Орон нутгийн сонгууль хүртэл үргэлжлэх гэнэ. Мөн уг хар жагсаалтыг гаргах болсонтой холбогдуулан “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх болсноо мэдэгдсэн ба монголын мянга мянган залуус цаашлаад эрдэмтэн судлаачид, ахмадууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, намын дэргэдэх залуучуудын байгууллага, олон улсын байгууллагуудыг уг хөдөлгөөнд нэгдэхийг уриалав.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг