sonin.mn

Увс аймгийн Өндөрхангай суманд байгаль хамгаалах намрын аяны нээлт өнгөрсөн сарын 28-нд болсон байна.

Энэхүү арга хэмжээнд сумын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн төлөөлөгч нар оролцож, байгаль орчноо хэрхэн зөв зүйтэй хамгаалах талаар санал бодлоо солилцжээ.

Мөн тус сумын Засаг дарга Ц.Сүхбаатар, Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Буянцог нар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна. Байгаль хамгаалах намрын аяны сумын нэгдсэн төлөвлөгөөг сумын байгаль орчин, тогтвортой хөгжлийн тасгаас боловсруулж, сумын Засаг даргаар батлуулсан байна. Уг аян энэ сарын 28 хүртэл үргэлжлэх аж.

Алтан элсний дархан цаазат газар, Хан Хөхийн нуруу, Хяргас нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын менежментийг Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа хариуцан ажилладаг. Тус хамгаалалтын захиргаа нь орчны бүсийнхээ Өндөрхангай суманд байрладаг юм.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг