sonin.mn

Зохиолч судлаач Бэсүд Ч.Эрдэнийн “Чинад нууцын Монгол орон” бүтээлийн номын хурим өчигдөр Баянгол ресторанд боллоо.

Энэхүү ном нь түүний 20-иод жилийн нөр их  хөдөлмөрийн нэгээхэн хэсэг юм. Өөрөөр хэлбэл уг ном нэгдүгээрт дэлхийн соёл иргэншлийн үүсэл нь өвөг монгол хэлт угсаатнаас эхтэй, хоёрдугаарт шинжлэх ухааны дээд түвшин буюу "Супер нэгдлийн нэгдсэн онол"-ын суурь судалгаагаа эмхэтгэн 1025 хуудас бүхий "Чинад нууцын Монгол орон" бүтээлээ уншигч олондоо өргөн барьж буй. 

Түүний өмнөх "Их гурвалжин", "Супер нэгдлийн онолын үндэс", "Бид ялав" бүтээлээр нь Монголын уншигч андахгүй бөгөөд Монголчуудыг, үе үеийн залуусыг сэргэн мандалд уриалан дуудсан, эх орон, Монгол хүн болж төрснөөрөө бахархах үзлээр хүмүүжихэд үнэтэй хувь нэмэр оруулсныг эрдэмтэн мэргэд хэлж байв. 

“Чинад нууцын Монголыг чи надаас сонс
Дэлхий Монгол төвт болохыг чи надаас мэд
Ертөнцөд тооцогдошгүй зүйл үгүйг чи надаас хар
Хүн та өөрөө тоо гэдгээ хүрч ирээд мэдэр” хэмээн өгүүлэх номын зохиогчоос бүтээлийнх нь агуулгын  талаар тодруулахад, “Номын нэр “Чинад нууцын Монгол орон”. Энэ өөрөө агуулгаа тодорхойлж байгаа юм. Монголчуудын оршин тогтнож ирсэн түүх бол 12000 жилээс эхтэй. 12000 жилийн эцсийн бүтээгдэхүүн нь энэ ном. Монголын түүхийн 12000 жилийг авч үзснээс гадна өнөөдөр шинжлэх ухаанд үлдсэн ганц асуудлыг шийдсэн онолыг агуулж буйгаараа энэ ном онцлогтой.

"Супер нэгдлийн онол" гэдэг бол ертөнцийг тооцдог, тайлбарладаг, тайлдаг эцсийн онол. Нарийн шинжлэх ухааны эцсийн онолыг түүх оролцсон энэ номонд хэлээд хэн хүн ойлгох уу гэж бодмоор. Гэхдээ супер нэгдлийн онолын анхан шатны сурах бичиг болохуйц системтэй бичлэг энэ номонд бий.  Тэрхүү онол нь арга техникийн хувьд хялбархан.

Би зориуд анхааруулах нэг зүйл байна. Миний судалгааг монголын уншигчид 20-иод жилийн өмнөөс сонирхон ажиглаж байна. Тэдгээр уншигчдыг харахад дундаас дээш насныхан зонхилох нь бий.  Ахмад хүмүүс амьдралынхаа эцсийн цаг үед Монгол Улсын ирээдүйн төлвийг ямар байх нь вэ гэдэг дээр тандан судлах сонирхол их  байдаг шиг байгаа юм. Миний судалгаануудын үр дүнгээр Монгол өнөөдөр дэлхийн нэгдүгээр үндэстэн. Монгол үндэстэн дэлхийн нэгдүгээр үндэстэн байсныг би судлаад номондоо бичсэн. Цаашид нэгдүгээр үндэстэн хэвээр байх болно. Үүнийг би бардам хэлж чадна. Ийм л онцлог түүхэн мөч учраас хүмүүс номыг маань сонирхож байгаа юм” гэв.  

Номын хуриманд УИХ-ын гишүүн Р.Бурмаа, УИХ-ын гишүүн Г.Уянга, Оюуны чадварын IQ төвийн тэргүүн Ц.Дэмбэрэл, зохиолч Д.Урианхай, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, СГЗ зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, ШУА-ын Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Баатар нарын зэрэг нэр хүндтэй хүмүүс болон уншигчдын төлөөлөл оролцсон юм.

Энэ үеэр номын зохиогчийн бүтээлийн талаар  ямар сэтгэгдэлтэй явдаг талаар сонирхов?

Ц.Дэмбэрэл: Энэ ном бол эзнийгээ баталж байгаа ном

-Эхлээд би хувь хүнийх нь тухайд ярья. Ч.Эрдэнэ бол Говь-Алтайд төрсөн. Монгол Улсын Оюуны чадварын Q төвийн үнэлгээгээр 140-өөс дээш Q-тай гэж албан ёсоор үнэлэгдсэн Монголдоо ганц хүн. Энэ ном бол эзнийгээ баталж буй ном. Би ШУА-д 15 жил ажилласан. МУИС болон хувийн их дээд сургуульд 20-иод жил багшиллаа. Энэ хооронд их юм үзэж туулсан. Гэхдээ ийм хүнтэй таарч байгаагүй. Бас ийм ном олж үзэж байгаагүй. Номын хэллэг нь онцгой гоё. Хүн бүр ийм хэллэгтэй болмоор байгаа юм. Энэ номыг үзэх юм бол бусад номыг үзэх шаардлагагүй. Их сургуульд энэ номыг үзэж судлахгүй юм бол юу өөр юу үзэж судлах юм бэ. Үүнийг уншихгүй юм бол эрдэмтэн гэж хэн байх юм бэ. Хэрэв байгаа юм бол дэвшсэн ном гаргаач. Тэгвэл та бүхнийг 145 Q-тай гээд цоллоод өгье. Ийм онцгой авьяас маш ховор төрнө. Монголд энэ жил энэ ном гараагүй бол би ямар ном унших байсан бол оо. Надад унших ном байхгүй байх байлаа.

Ховор тохиох хүн. Харин үүнийг нь Монгол Улсад мэдэрч байгаа нь хэд юм бэ. Бас ойлгох нь хэд юм бол гэдэг өөр асуудал. Үүний хамгийн том давуу үзэл бол монгол угшил. Монголчууд үндэсний үзэл гэж их ярьдаг. Үндэсний үзлийг энэ номноос л унш. Европ төвтэй гэж баахан ярьлаа, одоо  Америк төвт явж байна. Дараа нь хятад төвт гэх юм шиг байгаа юм. Гэтэл монгол төвт гэж бас байна. Соёл иргэншил болвол сүмэрээс эхэлсэн. Тэгэхээр сүмэр хаанаас эхэлсэн бэ гэхээр монголоос эхтэй гэдгийг баталчихсан. Ийм л сонин зүй тогтол байна. Үүнийг олсон нь чухал. Мэдээж хэрэг ийм ном бичихэд маш их хүч хөдөлмөр зарцуулахаас гадна маш их суурь бүтээл орно. Эдгээр бүтээлийг 1960 оноос хойш энэ хүн латин хэлээр цуглуулсан байдаг. Гэтэл манай академийнхан эдгээр бүтээлүүдийн нэгтэй нь ч танилцаагүй байна шүү дээ. Эрдэмтэд ийм бүтээлийг латин хэлээр уншихгүй байж яаж философи ярих юм бэ. Яаж дэлхийн түүх ярих юм бэ. Худлаа байхгүй юу. Нүхнээсээ гар гэж эрдэмтэн судлаачдад зөвлөж байна.

Д.Урианхай: Монголд агуу гээд хэлчихээр хэдэн хүн байдгийн нэг нь Ч.Эрдэнэ

-Монгол бол ил ч нууцтай, далд ч нууцтай ард түмэн. Далд нууц руу нь Ч.Эрдэнэ нэлээд нэвтэрчээ. Монголчууд бид нэгнийгээ агуу гэж хэлэх их дургүй. Яадаг юм болдоо, тэр агуу юм, хамгийн сайхан юм гэдэг нь монголын хилээс дотогш байдаггүй юм байх гэсэн ойлголтой байдаг юм шиг байгаа юм. Тиймээс бие биенийхээ агуу чанарыг ерөөсөө хэлдэггүй. Энэ үгэнд их харамч. Монголд агуу гээд хэлчихээр нэлээд хэдэн хүн байдаг. Тэдгээрийн нэг нь Ч.Эрдэнийг гэж би боддог. Эрдэмтэн гэхээр эрдмийн зэрэг цолтой, үнэмлэхтэй, олон тэмдэгтэй байх албагүй. Монголын шинжлэх ухаанд жинхэнэ тустай, буянтай цөөхөн эрдэмтэн судлаачдын нэг бол энэ хүн. Энд тэнд яриад байх нь чухал биш. Гэхдээ уншигчдад хандаж ийм хүн шүү гэж хэлж байгаа юм.

Б.Галаарид: Ойрын үед Ч.Эрдэнэ гуайг хүлээн зөвшөөрөх хүн олон болно

-Би энэ номыг уншиж амжаагүй байна. “Их гурвалжин”-гаас эхлээд дараагийн бүтээлүүдийг нь уншиж байлаа.  Өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй  илэрхийлдэг хүний хувьд хэлэхэд, Ч.Эрдэнэ гуай бол энэ цаг үед хэрэгтэй, оюунлаг сэхээтэн. Ч.Эрдэнэ гуайн бичиж байгаа, ярьж байгаа зүйлийг анхаарлын гадна үлдээж болохгүй гэдгийг нэгдүгээрт хэлэх байна. Хоёрдугаарт дэлхийн ертөнц чинад нууцын асуудлыг ихэд сонирхон судлах болсон. Хүлээн зөвшөөрдөг, анхаарал хандуулдаг болсон ийм цаг үед монголчууд энэхүү судалгаанаас хэрхэвч хоцорч болохгүй. Үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх болсон өнгөрсөн 25 жилийн хугацаанд шүтэх эс шүтэх эрх чөлөө, дээрээс нь шинжлэх ухаанаар хүлээн зөвшөөрөгддөг болоод хүлээн зөвшөөрөгддөггүй тэр ойлголтуудын талаар сонирхон, бичиж туурвидаг, ярьж хэлдэг хүмүүс олон болсон. Энэ байдлаас монголчууд гажсангүй. Ч.Эрдэнэ гуай энэ чиглэлийн тэргүүлэх мэргэжилтний түвшинд хүрсэн гэж боддог. Супер нэгдлийн онолыг зарлаж байх үед нэг муу монгол дэлхийн хэмжээний асуудалд цэг тавьлаа хэмээн бичиж байсан. Одоо ч тэр байр суурин дээрээ байдаг.

Ч.Эрдэнэ гуайг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх олон учир шалтгаан нийгэмд байх шиг байна. Гэхдээ би бол зөвшөөрдөг хүн. Ойрын үед Ч.Эрдэнэ гуайг хүлээн зөвшөөрөх хүн олон болно.

Г.Мэнд-Ооёо: Энэ хүн эрснээ олсон

-Ч.Эрдэнийн “Чинад нууцын Монгол орон” хэмээх энэ номыг хамгийн түрүүнд уншиж дуусгасан уншигчийн нэг нь би байх. Би ер нь номыг хурдан, удаан гэсэн хоёр арга барилаар уншдаг.  Эхлээд бүх хуудсыг нь эргүүлж “судас”-ыг барьдаг. Энэ номыг худалдаж аваад эхлээд бүх хуудсыг нь эргүүлэхэд 1025 хуудастай юм байна билээ. Хуудасчлан эргүүлэхэд энэ номын хаана нь гүйлгэж унших уу, хаана нь тогтож унших уу гэхчлэн уншиж болдог. Сайн номыг бол удаан шимтэж уншмаар байдаг. Ч.Эрдэнийн энэ номыг уншиж бардаг болов уу, тоо томьёо ихтэй юм гэж анх бодсон. Гэтэл уран зохиолын ном уншдаг хурдаараа уншаад дуусгасан. Гэхдээ уншиж дуусгах нэг хэрэг, номонд байгаа агуулга үнэт зүйлийг оюун санаандаа тунгаан шүүх ажиллагаа удаан үргэлжилдэг юм шиг байна. Тиймээс энэ номыг дэрнийхээ хажууд тавиад үе үе эргүүлж харах, ойрын хугацаанд энэ номыг өөртөө шингээж авах номын тоонд оруулсан. Энэ ном бол бичлэгийн хувьд хялбар, уран зохиол шиг. Амархан уншиж болж байна. Гэхдээ энэ дотор хүн төрөлхтөний оюуны ертөнцийг таньж мэдсэн, эрсэн хайсан, олсон бүхэл бүтэн шинжлэх ухааны түүх, Монгол нутаг дээрх түүх, соёл, оюуны ертөнцийн бүх түүх, магадгүй олон шинжлэх ухааны уулзвар бүхий маш их мэдээллийг багтаажээ. Цаг хугацааны хувьд 15000 жилийн уртраг, хүний оюун ухааны багтаамж хэрхэн тэлсэн тухай өргөрөг нийт 1025 хуудас номонд багтжээ. Хоёрдугаарт энэ ном бичлэгийн хувьд эссэ бичлэг. Хэл найруулгын хувьд маш өвөрмөц, өгүүлбэр болгонд гол тодотгол үгтэй, түүнийгээ заримдаа эхэнд, заримдаа дунд, заримдаа төгсгөлд нь хүнд яаж хүрэх вэ гэдэг хамгийн хүчтэй цохилтыг онож бичснээрээ бичлэгийн найруулга маш өвөрмөцөөр гарч ирж байгаа юм. Би ийм ном бичсэнд нь Ч.Эрдэнэд үнэхээр их баярлаж байна. Бахархаж байна. Айл хөрш амьдарч байхдаа, ажил төрөл зэргэлдээ байхдаа энэ хүнийг оюуны ийм их ертөнц байжээ гэдгийг олж хараагүй байж дээ хэмээн гайхан биширч сууна.  Би Ч.Эрдэнийн ном бүтээлүүдийг уншиж ирсэн. Энэ хүн бол эрсэн юм байна, эрснээ олсон юм байна, олсноо бидэнтэй хуваалцаж байгаа юм байна. Энэ номыг өөрийн ширээний ном болгож зогсохгүй, ач нартаа авч өгье гэж бодож байна.

Г.Уянга: Агуу хүмүүс хэзээд цаг үедээ ойлгогдож байгаагүй

-Ч.Эрдэнэ гуайн түрүүний үгэнд, “Дэлхий ертөнц, орчлон хорвоогийн утга учрыг тайлж мэдэх бол том амбиц юм. Тэрэн дунд миний өчүүхэн амбиц бол Монгол бол номер нэг үндэстэн юм гэдгийг илэрхийлэх” гэлээ. Өчүүхэн бидний ашиг сонирхол бол гал тогоондоо эргэцээд монголоо сайхан болгох хэмээн сэтгэж, түүнийгээ их том амбиц юм шиг ойлгож байна. Миний тэр том амбиц, Ч.Эрдэнэ гуайн жижиг амбиц нэгдэж байгаа нь сайн хэрэг юм гэсэн бодол төрж байлаа. Ер нь бол монголчууд “Дэргэдийн бурхан үнэгүй” гэж хэлдэг дээ. Агуу хүмүүс хэзээд цаг үедээ ойлгогдож байгаагүй. Дандаа тэднийг илүү дэвшилтэт дараа дараагийн үеийнхэн ойлгож ирсэн байдаг. Энэ номыг ганц нэг эргүүлж хараад ойлгоно гэхэд төвөгтэй. Миний хувьд Ч.Эрдэнэ гуайн номыг агуу энэ тэр гэж хэлэх зүрх зориг алга. Харин хэн хүчирхэг байсан тэр эргэж хүчирхэгждэг гэсэн зүй тогтол байдаг тухай хэлсэн Ч.Эрдэнэ гуайн үгийг үнэн хэмээн бодож байна. Бид хүчирхэгжихийн тулд хүн амын олноор биш, зэр зэвсгийн хүчээр биш, чухам оюуны хүч биднийг дэлхийн тавцанд хүчирхэг болгож гаргах нь гол найдвар юм. Эдгээр хүмүүсийн нэг нь манай Ч.Эрдэнэ гуай байж магадгүй. Би шууд үнэлж дүгнэх бяр тэнхээтэй хүн биш учраас ингэж хэлж зүрхлэхгүй байна. Бие биенийхээ сайн талыг олж харж, үнэлж байх, тэр дундаа төр нь мэддэг байх нь их чухал.

Д.Баатар: Монгол Улс оюунаа дээдэлж байж хөгжинө

-Би номын зохиогчтой өмнө уулзаж учирч байгаагүй. Өнөөдөр л барааг нь харж байна. Энэ бол том бүтээл гэж ойлгож байна. Энд хуран цугласан олон түмэн энэ хүний бүтээлийг өндрөөр үнэлж хүндэтгэл үзүүлж байгаа үйл явдалд оролцсон нь завшаантай хэрэг боллоо. Ер нь Монгол хүн оюуны хөдөлмөр эрхэлж, оюуны хөдөлмөрийг дээдэлж байж хөгжиж дэвших учиртай. Үүний нэг сайхан зөн билэг нь энэ үйл явдал болж байна гэж байна" гэсэн юм.

Мөн үеэр зохиогч өөрийн судалгааны бүтээлийг танилцуулсаны зэрэгцээ уншигч дэмжигчид сэтгэлийн үгээ дэлгэв. УДБЭЧ-ын дуучид бүжигчид номын хуримыг хөгжөөн, дуу хуурын дээжээсээ толилуулж, хөг нэмсэн энэхүү номын нээлт од түгсэн шөнөөр өндөрлөсөн юм.